Агаарын бохирдол ихтэй 5 аймгийн асуудлыг шийднэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2015-12-03 09:22:05

УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар 2012-2015 оны Улаанбаатар хотын агаарын чанарын үзүүлэлт, 2015 онд агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр Засгийн газрын хийсэн ажлын тайлан, 2016 онд хийх ажлын төлөвлөгөөний талаар холбогдох байгууллагын мэдээллийг сонслоо.

Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд Н.Батцэрэг, "Агаарын бохирдлын хэмжээг өмнөх оныхтой харьцуулахад буурсан үзүүлэлттэй гарсан. Агаарын бохирдлыг бууруулахад нэгдүгээрт, хийн түлшний хэрэгцээг нэмэгдүүлэх, хоёрдугаарт, орон сууцжуулах бодлогыг эрчимжүүлэх хэрэгтэй. Засгийн газрын хуралдаанаар эхний ээлжинд гэр хорооллын шөнийн хэрэглээний цахилгааны тарифыг 50 хувь бууруулах шийдвэр гаргалаа. Энэ шийдвэр энэ сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн.

Түүнчлэн уламжлалт сайжруулсан түлшийг дөрвөн аж ахуйн нэгж хийхээр төлөвлөөд байна. Энэ түлшийг хамгийн их утаа хуримтлагдсан газар тараана. Агаарын бохирдлыг бууруулахаар төсөвт суусан 5 тэрбум төгрөгийн хүрээнд болон хуучин хийж хэрэгжүүлж байсан ажлуудаа үргэлжлүүлнэ. Зөвхөн Улаанбаатарын агаарын бохирдлыг бууруулах бус аймаг, орон нутагт мөн энэ асуудал хүндрэлтэй болсон. Юуны түрүүнд агаарын бохирдол ихтэй байгаа 5 аймгийн асуудлыг шийдэхээр төлөвлөж байна" гэлээ.

Гишүүдийн зүгээс орчин үеийн техник, тоног төхөөрөмжөөр агаарын бохирдлын бууралтыг хэмжиж, судалж байна гэж сурталчилж байгаа ч үр дүнд хүрэхгүй байна. Хэт хортой хэмжээ буурсан гэж байгаа ч энэ асуудлыг онцгойлон анхаарах ёстой гэв.

Б.Туул

相关新闻