Бор-Өндөрийн МСҮТ төгсөгчдийн 70 гаруй хувь нь мэргэжлээрээ ажиллаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2018-06-05 22:28:29
Хэнтий /МОНЦАМЭ/ Хөдөлмөр, Нийгмийн  хамгааллын яамны харъяа Хэнтий аймгийн Бор-Өндөр суман дахь МСҮТ нь хайлуур жоншны “Бор-Өндөр” уулын баяжуулах үйлдвэрийг түшиглэн байгуулагдсан бөгөөд өдгөө төгсөгчдийн 70 гаруй хувь нь мэргэжлээрээ ажиллаж байна

Тус аймгийн хөдөлмөрийн зах зээлийн эрэлт хэрэгцээнд тулгуурлан, уул уурхайн голлох 15 мэргэжлээр боловсон хүчин бэлтгэдэг байна. Тодруулбал, Мэргэжлийн боловсрол олгох сургалт /9-р анги төгссөн суурь боловсролын гэрчилгээтэй/ долоон мэргэжлээр 2,5 жил, Мэргэжил олгох сургалт /18-аас дээш насны/ зургаан мэргэжлээр элсэлт аван үйл ажиллагаагаа явуулж байна. Мөн 2018-2019 оны хичээлийн жилд төмөр замын болон сэргээгдэх эрчим хүчний мэргэжлээр шинэ анги нээх зорилготой байгаа аж.

Суралцагсдыг Бор-Өндөр сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг ил ба далд уурхайнууд болон “Бор-Өндөр” уулын баяжуулах үйлдвэрт үйлдвэрлэлийн дадлага хийлгэдэг нь төгсөгчдийг ажлын байраар хангах нэг нөхцөл болдог гэнэ. 

Тус МСҮТ нь арав гаруй хичээлийн танхим, уул уурхай, гагнуур, авто засварын дадлагын газрууд, компьютерийн лаборатори, 7000 орчим фондтой номын сантай. Мөн бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй уулын баяжуулах үйлдвэрийн мэргэшсэн инженер, ерөнхий эрдмийн болон мэргэжлийн 16 багштайгаар онол, дадлагын үйл ажиллагаагаа явуулж байна.

Түүнчлэн сурагчдынхаа ая тухтай, амьдрах орчинг бүрдүүлэх үүднээс 100 хүүхэд хүлээн авах хүчин чадал бүхий гурван давхар дотуур байрыг 2014 онд ашиглалтад оруулж, нэг дор 50 хүн хооллох хүчин чадал бүхий бүрэн тоноглогдсон гал тогоо, бялдаржуулах танхимтайгаар үйл ажиллагаа явуулж байгаа юм.
Д.Одонтунгалаг
相关新闻