Монгол Улсад 99 мянга гаруй хөгжлийн бэрхшээлтэй иргэн байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ“Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах олон улсын өдөр” өнөөдөр тохиож буйтай холбогдуулан ХАХНХЯ-наас мэдээлэл хийлээ.
Уг өдрийг угтан ХАХНХЯ, Сэргээн засалт хөгжлийн үндэсний төв болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төрийн бус байгууллагууд хамтран энэ оны арваннэгдүгээр сарын 03-наас арванхоёрдугаар сарын 03-нд “Бүх нийтийн хүртээмжийг хангаж, чадавхийг дээшлүүлье” сарын аян зохион байгуулжээ. Аяны хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оролцоо, эрх, хөгжлийг дэмжсэн хууль эрх зүйн шинэчлэлийн талаар хэлэлцүүлэг өрнүүлж, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хүртээмжтэй дэд бүтцийг бий болгох, тэдний нийгмийн идэвх оролцоог сайжруулах сургалт зохион байгуулжээ.
ХАХНХЯ-ны Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжлийн хэлтсийн дарга Т.Батдулам, “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай” хуулийн төслийг УИХ-ын даргад өргөн мэдүүлсэн. Эдгээр иргэдийн эрхийг хамгаалах чиглэлээр тусгайлсан хууль эрхзүйн орчин дутмаг байсны улмаас төдийлөн нийгэмд хөлөө олж чаддаггүй байсан. Хууль батлагдсанаар хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн дуу хоолойг нийтэд хүргэж, төрийн бодлого шийдвэрт санал, санаачилгаа хүргүүлэх боломж бүрдэхээс гадна, сурч боловсрох, ажил хөдөлмөр эрхлэх эрх нь ч хангагдах юм” гэлээ.
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн зүгээс хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлсэнд талархал илэрхийлээд, хэрэв батлагдвал энгийн иргэдтэй эрх тэгш амьдрах орчин бүрдэнэ гэдгийг хэлж байлаа.
Тухайлбал, Монголын хараагүйчүүдийн үндэсний холбооны тэргүүн Д.Гэрэл, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн амьдрах орчин төдийлөн хангагдаагүй. Тухайлбал, хараагүй иргэдэд зориулсан тусгай дуут гэрлэн дохио байдаггүй. Явган хүний зам дээр тусгай зам гаргадаг ч шугам хоолойн завсар хийж байна гээд сүйдэлчихдэг. Засвар хийх гэж ухсан нүхээ ч булдаггүй нь хараагүй иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг зөрчих асуудал гардаг байсан. Үүнийг хуулиар зохицуулна гэдэгт итгэлтэй байна” гэлээ.
Мөн Монголын дүлий иргэдийн үндэсний холбооний тэргүүн Т.Цэдэнбал, “Бусад улс оронд дүлий иргэдийн амьдрах орчин, сурч боловсрох нөхцлийн талаар тусгайлсан хууль гаргадаг. Гэтэл Монгол Улс энэ талаар тодорхой алхам хийхгүй байсаар өдийг хүрсэн. Саяхан УИХ-д өргөн мэдүүлсэн хуулийн төсөлд энэ талаар тодорхой заалт оруулсан тул эрхэм төрийн түшээдийг хуулийн зүйл заалт, үзэл баримтлалыг өөрчлөхгүйгээр баталж өгөхийг хүсч байна” хэмээв.
2014 оны байдлаар Монгол Улсад 99 мянга гаруй хөгжлийн бэрхшээлтэй иргэн байна гэсэн судалгааг Үндэсний статистикийн хороо гаргажээ. Энэ нь нийт хүн амын 3,3 хувь юм. Үүнээс 35,9 хувь нь төрөлхийн, 64,1 хувь нь олдмол хөгжлийн бэрхшээлтэй иргэд байгаа аж. Энэ нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хангахаас илүү жирийн иргэдийн хөдөлмөрийн аюулгүй байдалд анхаарах цаг болсон гэдгийг сануулж байна хэмээн албаны хүмүүс хэллээ.
Нийт хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн 18,35 хувь нь хөдөлмөр эрхэлдэг аж. Энэ нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн 80 гаруй хувь нь зөвхөн халамжийн тэтгэмж сар бүр 126.500 төгрөг, асран хамгаалагч нар сар бүр 58.000 төгрөгөөр өрхийн орлогоо бүрдүүлж байгааг харуулж байна. Түүнчлэн хөгжлийн бэрхшээлтэй 11 мянга 365 хүүхдийн 8291 нь сургуульд сурч байгаа нь туйлын хангалтгүй тоо юм. Цаашид тэдний сурч боловсрох нөхцлийг сайжруулахад төрийн бодлого хэрэгтэй гэдгийг хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөлөл онцлон тэмдэглэсэн юм.
Монгол Улс өнгөрсөн 3 жилийн хугацаанд хөдөлмөрийн бэрхшээлтэй иргэдийн сурч боловсрох, хөдөлмөр эрхлэх нөхцлийг сайжруулах зорилгоор 27 тэрбум төгрөг зарцуулжээ. Гэвч энэ мөнгө нь 100 мянга орчим хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах, нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд хүрэлцэхгүй байгаа юм.
Ч.Ариунболд
Гэрэл зургийг Н.Батбаяр