М.Мянганбуу: Малын үнэ нэмэгдсэнээр хөтөлбөрт хамрагдаж буй өрхөд олгох малын тоо буурсан
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
Говь-Алтай /МОНЦАМЭ/ Говь-Алтай аймгийн Хөдөлмөр, Халамжийн Үйлчилгээний Газраас жил бүр орон нутгийнхаа ард иргэдийг ажлын байраар хангах, орлогыг нь нэмэгдүүлэх, үйлдвэрлэл үйлчилгээг нь сайжруулахад салбар бүрт чиглэсэн төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх замаар бодитой хөрөнгө оруулалт хийдэг билээ. 2018 онд хэрэгжиж буй төсөл хөтөлбөрүүдээс “Малчдын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр”-ийн хэрэгжилтийн мэдээллийг тус аймгийн Хөдөлмөр, Халамжийн Үйлчилгээний Газрын дарга М.Мянганбуугаас тодрууллаа.
-Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар жил бүр иргэдээ ажилтай, орлоготой болгох үүднээс тэдэнд чиглэсэн төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлдэг. 2018 он гарсаар ямар хөтөлбөрүүд хэрэгжиж байна. Тухайлбал сүүлийн жилүүдэд хэрэгжиж үр дүнгээ өгөөд буй “Малжуулах хөтөлбөр” байгаа. Хөтөлбөрийн хэрэгжилтийн явцын мэдээллээр ярилцлагаа эхэлье?
-Алтайчууддаа энэ өдрийн мэнд хүргэе. Говь-Алтай аймгийн Хөдөлмөр, Халамжийн Үйлчилгээний Газраас энэ онд “Хүлээж биш, хүрч үйлчилье” зорилт дэвшүүлж, хөдөлмөр эрхлэлт, нийгмийн халамжийн үйлчилгээг иргэн бүрт тэгш хүртээмжтэй хүргэх, халамж хүртэгч иргэдийн хүрээг багасгах замаар хөдөлмөр эрхлэлтийн түвшинг нэмэгдүүлэх бодлого баримтлан төсөл хөтөлбөр, арга хэмжээнүүдийг шат дараатайгаар хэрэгжүүлж байна.
Орон нутгийн онцлогт тохируулан хэрэгжүүлж буй хөтөлбөр бол цөөн малтай өрхөд чиглэсэн “Малчдын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр” юм. Энэ онд аймгийнхаа 18 сумаас тус бүр хоёр, нийт 40 малчин өрхийг малжуулахаар төлөвлөсөн. Хөтөлбөрт хамрагдаж буй малчин өрх малын тооноосоо хамаараад дөрөв болон таван сая төгрөгийн бог малаар малжиж байгаа юм.
Энэ сарын 11-ний өдрөөс 13-ны хооронд Дэлгэр, Гуулин, Тайшир сумын зургаан өрхийг малжуулаад ирлээ. Удахгүй бусад сумдаас сонгогдсон малчин өрхүүддээ малыг нь олгоно.
-Хөтөлбөрт хамрагдаж буй малчин өрхөд ямар шалгуур тавин сонгосон бэ?
-Хөтөлбөрт хамрагдах өрхүүдийг тухайн сумын амьжиргаа дэмжих зөвлөл сонгосон. Өрхийн хоёроос дээш гишүүн нь хөдөлмөрийн чадвартай, 40 хүртэлх насны, 2017 оны жилийн эцэст тоолуулсан мал нь 150-200 хүртэл толгой /бог малд шилжүүлсэнээр/ байх шалгуурыг хангасан өрхүүд хамрагдаж байгаа. Малжуулахдаа тухайн сумаас малаа борлуулах хүсэлтэй малчдаас үнийн санал авч түүнийгээ нэгтгэн, аймгийн хэмжээнд жишиг дундаж үнэ гарган мал худалдан авч байна. Тухайлбал хургатай хонийг 110 мянга, ишигтэй ямааг 75 мянгаар авч малчдадаа олгож байна.
Дөрвөн сая төгрөгөөр малжиж байгаа малчин өрхөд 24 ишигтэй ямаа, 20 хургатай хонь, төлтэйгээ нийлээд нийт 88 толгой мал олгогдож байгаа бол таван сая төгрөгөөр малжиж байгаа малчин өрхөд 30 ишигтэй ямаа, 25 хургатай хонь, нийт 110 толгой мал олгож байна.
Манай хамт олон хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ тухай сумын мал борлуулах хүсэлтэй өрхөөс худалдан авч орон нутагт нь үлдээх зарчим баримтлан ажиллаж буй юм. Мөн малжуулж буй малын тарга хүч, нас, вакцин тарилга туулгалтанд хамрагдсан эсэхийг газар дээр нь шалган Мал эмнэлэг, үржлийн албанаас нь албан бичиг авч баталгаажуулан малчдад хүлээлгэн өгч байна.
-Энэ онд хөтөлбөрт хамрагдах малчдын тоог өнгөрсөн жилийнхтэй харьцуулбал ямар нэгэн өөрчлөлт гарсан уу?
-Мэдээж өнгөрсөн жилийнхтэй харьцуулвал малчин өрх хийгээд малын тоонд өөрчлөлт гарлаа. 2017 онд малжуулах хөтөлбөрт 60 өрхийг 6600 малаар малжуулсан. Харин энэ жил малын үнэ нэмэгдсэн хийгээд өнгөрсөн өвлийн цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан төлтэй малын тоо буурсан нь малжуулах хөтөлбөрийн тоонд нөлөөллөө. Тухайлбал 2017 онд хургатай хонийг 60 мянга, ишигтэй ямааг 45 мянгаар авч байсан бол энэ жил 30-40 мянган төгрөгөөр үнэ нь нэмэгдээд байна.
-Дараагийн онцлох хөтөлбөр бол хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр юм. Хөтөлбөрт хэчнээн иргэн хамрагдаад байна вэ?
-Энэ онд хэрэгжиж буй шинэлэг хөтөлбөр бол хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих “Бид оролцъё, хамтдаа хөгжье” хөтөлбөр юм. Уг хөтөлбөрт анх найман иргэнд 45 сая төгрөгийн санхүүгийн дэмжлэг олгох хуваарьтай байсан хэдий ч хөтөлбөрт хамрагдах хүсэлтэй 70 гаруй иргэн бидэнд хандсан. Тиймээс хамрагдах иргэдийн тоог нэмэгдүүлж 25 иргэнд 40 сая төгрөг олголоо.
Мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд санхүүгийн дэмжлэг үзүүлсэнээс гадна “Ажлын байрыг дэмжих хөтөлбөр”-ийн хүрээнд бичил бизнес эрхэлж байгаа 47 иргэнд 100 гаруй сая төгрөг олгоод байна.
-Хөгжлийн бэршхээлтэй иргэний ажлын байрыг дэмжих хөтөлбөрийн хүрээнд ямар чиглэлийн төслүүд дэмжигдэн зээл тусламжид хамрагдсан бэ?
-Хөгжлийн бэрхшээлтэй болсон хэдий ч аж амьдралаа дээшлүүлэх чин хүсэл эрмэлзлэлтэй ажил хөдөлмөр эрхэлж буй иргэдийг сонгон хөтөлбөртөө хамрууллаа. Өөрөөр хэлбэл өрхийн үйлдвэрлэл эрхэлж байгаа иргэдэд л санхүүгийн дэмжлэг үзүүлсэн. Хөтөлбөрт хамрагсдын дийлэнх нь гар урлал, нийтийн аж ахуйн салбарт хүч үзэн, ахуй амьдралаа дээшлүүлж байгаа юм.
Э.Нарангэрэл