Төрөөс баримтлах эрүүл мэндийн бодлогыг хэрэгжүүлэхэд анхан шатны тусламжийн тогтолцоо чухал

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
ariunbold@montsame.gov.mn
2018-06-15 15:49:34
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Эрүүл мэндийн тусламжийг иргэдэд ээлтэй, тэгш хүртээмжтэй хүргэх, анхан шатны тусламж, үйлчилгээг бэхжүүлэх зорилго бүхий “TA 9386-MON” төслийн нээлт өнөөдөр боллоо.

Төрөөс эрүүл мэндийн талаар баримтлах бодлогыг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг боловсруулах ажлын хүрээнд хэрэгжүүлэх энэхүү төслийн хүрээнд нийгмийн эрүүл мэндийг шинэ түвшинд гаргаж, эрүүл зан үйлийг иргэн бүрт хэвшүүлэх, эмнэлгийн байгууллагуудын засаглалыг сайжруулах зэрэг тулгамдаж буй асуудлын шийдлийн боломжит хувилбаруудыг тодорхойлох юм. Төслийг Монгол Улсын Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хууль, түүнийг дагалдах нийтлэг журамд заасан зарчим, үе шат, заалтын дагуу явуулж Үндэсний бодлогын нэгдсэн тогтолцоотой уялдуулах юм.

Төслийг хэрэгжүүлэхэд эрүүл мэндийн салбарын шат шатны төрийн болон хувийн хэвшлийн байгууллага, холбогдох бусад салбарын төлөөлөл, олон улсын байгууллагын мэргэжилтнүүд хамтран ажиллах аж. Ажлын хэсэг хот, хөдөөд бүсчилсэн цуврал уулзалт хийж, Төрөөс эрүүл мэндийн талаар баримтлах бодлогыг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг боловсруулахад салбарын хамт олны өргөн хүрээний оролцоог хангахаар төлөвлөжээ. 

Төслийн нээлтийн үеэр Монголын өрхийн анагаах ухааны мэргэжилтнүүдийн холбооны ерөнхийлөгч С.Сонин, “Төрөөс эрүүл мэндийн талаар баримтлах бодлогыг хэрэгжүүлэхэд нэн түрүүнд  эрүүл мэндийн анхан шатны тусламжийн тогтолцоог зөв хийх нь зүйтэй” гэв.

Энэхүү төсөлд Японы ядуурлыг бууруулах сан, Азийн Хөгжлийн банкнаас санхүүгийн болон техникийн дэмжлэг үзүүлж байгаа юм.
Э.Энхсаруул
Гэрэл зургийг Н.Батбаяр
相关新闻