Г.Энх-Амгалан: Надад утас зүү нийлүүлж, үйл урлах авьяас заяасан юм болов уу гэж боддог

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2018-06-15 18:13:09
Говь-Алтай /МОНЦАМЭ/ Ажил мэргэжилдээ эзэн нь байж, түүгээрээ овоглож явах хүмүүн бидний нэгэн том бахархал билээ. Тэрхүү бахархлыг төрүүлэн Алтай нутгийнхаа Нийтийн аж ахуйн үйлчилгээний салбарт 20 гаруй жил хүчин зүтгэж, оёдолчин хэмээх алдрыг өндөрт өргөн яваа Г.Энх-Амгалантай ажил мэргэжлийнх нь онцлогийн талаар ярилцлаа. Тэрээр хичээл зүтгэлээ төр засгаас өндрөөр үнэлүүлж “Байгууллагын хөдөлмөрийн аварга”, Хүнс хөдөө аж ахуйн яамны “Хүндэт жуух”, “Манлай ажилтан” гэх мэт цолоор өргөмжлөгдсөн байна. Мөн өнгөрсөн сард Алтай хотноо зохиогдсон “Баруун бүсийн гоёл-2018” наадамд оролцож, “Гоёлын хувцас”-ны төрөлд тэргүүн байрын эзэн болсон амжилт үзүүлсэн юм.
 
-Танд энэ өдрийн мэнд хүргэе. Юуны өмнө бидний урилгыг хүлээн авч ажил мэргэжлийнхээ онцлогийн тухай ярилцах болсонд баярлалаа. Хоёулаа таны танилцуулгаар ярилцлагаа эхэлье?
-Баярлалаа, та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе. Намайг Гунгаагийн Энх-Амгалан гэдэг. Би Алтай хотод төрж өсч, хүүхэд ахуй насаа төрөлх нутагтаа өнгөрүүлсэн. Ёстой л Алтай хотын унаган охин нь доо. Есөнбулаг сумын Улсын тэргүүний нэгдүгээр сургуулийг дүүргээд, 2000 оноос оёдолчны мэргэжлийг сонгон өдгөө хүртэл энэ л мэргэжлээрээ хөдөлмөрлөж байна.
 
-Аливаа хүнийг сорьж  сонгосон олон сонголтуудын нэг бол яах аргагүй ажил мэргэжил нь билээ. Оёдолчин болоход тань хэн нэгэн нөлөөлөв үү, эсвэл өөрийн хүсэл сонирхолдоо татагдав уу?
-Оёдолчин хэмээх мэргэжлийг сонгоход миний ээж их нөлөөлсөн. Биднийг бага байхад ээж маань дээл хувцас оёж, цамц, малгай, бээлий, оймс нэхэж өмсүүлдэг байсан. Хүүхэд байхдаа ээжийнхээ урлаж байгаа үйлд туслан дээлийн цар наах, хавах, шилбэ эргүүлэх, санпин зангиддаг байлаа. Ямар ч хүнд ижий  ааваас үе удам дамжсан авьяас гэж байдаг. Надад утас зүү нийлүүлж, үйл урлах авьяас заяасан юм болов уу гэж боддог. Оёдолчин болох анхны суурийг нагац эгч Монгол Улсын мастер оёдолчин Н.Эрдэнэчимэг маань тавьж өгч, зааж чиглүүлсэн дээ. 
 
-Анх юу урлаж байв. Ер нь ажлынхаа гарааг хаанаас эхэлж байсан бэ?
-Анх аавдаа зориулан ээжээрээ дээл эсгүүлээд оёж байсан. Түүнээс хойш 20 гаруй жил оёдолчин мэргэжлийн эзэн болж үйл урлаж байна даа. 
 
-Сүүлийн жилүүдэд үндэснийхээ хэв шинжийг орчин үеийн хувцасны загвартай хослуулах болсон. Оёдолчид та бүхэн орчин үеийн хувцасны чиг хандлагын талаар тодорхой хэмжээгээр судалгаа хийж байж дээл хувцсаа урладаг байх?
-Тиймээ. Монгол үндэснийхээ уламжлалт хувцсыг орчин үеийн загвартай хослуулан биед эвтэйхэн, хөнгөн, гоёмсог болгон үйлчлүүлэгчдийнхээ захиалгын дагуу урладаг. Үндэсний хувцасны товч, шилбэ, энгэр, ханцуй, хээ угалзыг уламжлан орчин цагийн хэв загварт оруулж байгаа нь хөгжил юм. Тухайлбал бүсгүй хүн бүр бэлхүүсээрээ нарийн харагдах дуртай. Тиймээс үзэсгэлэнт сайхан байдалд тохируулж дээлээ хийж байна. 
Орчин үеийн хувцасны чиг хандлагыг сонин, сэтгүүл, интернэтээс судалж мэдэж байгаа. Ер нь хүний сэтгэлд нийцүүлэхийн тулд үргэлж эрэл хайгуул хийн, өөрийгөө хөгжүүлэх шаардлагатай шүү дээ. Одоогийн залуус өвөрмөц, давтагдахгүй оёдолчид биднээс нарийн ур чадвар шаардсан загварыг сонгон захиалгаа өгдөг болсон нь бас л оёдлын салбарынхны хөгжлийн үе шат ахиж буйн илрэл юм. 
 
-Хүмүүс улирал харгалзахгүйгээр Монгол үндэсний дээл хувцсаар гоёдог болжээ. Захиалга, борлуулалт тань нэмэгдэж байна уу? 
-Жилээс жилд үндэсний хувцсаараа гоёх гэсэн хүмүүсийн сонирхол нэмэгдэж байна. Тэр тусмаа уламжлалт баяр болох сар шинэ, баяр наадам, тэр ч байтугай шинэ жилийн гоёлын даашинзаа үндэсний хэв шинжинд оруулан гоёдог болсон байна. Найр наадмаар Европ хувцас өмссөн хүн содон эвгүй харагдах юм. /инээв/ 
 
-“Баруун бүсийн гоёл-2018” наадамд амжилттай оролцож, гоёлын хувцасны төрөлд тэргүүн байрын эзэн болсон. Мэдээж шинэлэг загвар, өнгө үзэмжээрээ бусдаасаа онцлог хувцас урласан болов уу?
-Монгол Улсын үйлчилгээний гавьяат ажилтан С.Жавзангийн нэрэмжит Баруун бүсийн “Гоёл-2018” наадамд амжилттай оролцож “Гоёлын загвар”-ын төрөлд тэргүүн байр эзэлсэндээ баяртай байна. 
Нэг материалаар олон загварын дээл хувцас урлаж болдгийг харуулахыг хичээсэн. Миний бүтээлүүдийн бусдаас ялгарах онцлог зүйл нь гэвэл малгай, нударга нь салдаг Монгол дээлний коллекциороо өвөрмөц байж чадсан. Түүнчлэн энэхүү наадамд оролцсоноороо аливаа ажилд бизнесийн мэдээлэл, ажлын дадлага туршлага ихээхэн нөлөөлдгийг ойлгосон доо. 
 
-Дархан хүн бурхан ухаантай гэж ярьдаг шиг оёдол үйл урладаг хүнд ч бурхан ухаан заяадаг гэж ойлгодог. Сэтгэлийн ур, гарын ур гээд л...?
-Аав ээж, ахмад буурлууд маань нүд, гар, сэтгэл нийлж байж уран болно гэлцдэг юм билээ. Ер нь гарын ур, сэтгэлийн ур, нүдний ур мөн үнэнч сэтгэл нийлж байж үйлчлүүлэгчдэд таалагдсан сайхан хувцас болно гэж боддог. Тийм ч учраас би өөрийн урлаж буй хувцас бүртээ сэтгэлээ шингээн аль болохоор захиалагчийн сэтгэлд нийцүүлэхийг хичээдэг.
 
-Энэ мэргэжлээсээ шантарч өөр мэргэжил сонгодог байж дээ хэмээн бодох үе гардаг уу? 
-Оёдолчин мэргэжлийг сонгон 20 гаруй жил ажиллахдаа шантарч байсан удаагүй ээ. Хүн хэдий чинээ хөдөлмөрлөж, хийж буй ажилдаа үнэнч хандана тэр хэрээр амжилт дагуулдаг гэдэгт итгэдэг. Яг л үүний адил би эрхэлж буй ажлынхаа үр шимийг хүртэж явна даа. Үе үеийн ажил мэргэжил нэгтэй ахмад үеийнхэн маань үүний гэрч гэж хэлэхэд хилсдэхгүй л болов уу. 
 
-Нэгэнт ажил мэргэжлийнхээ талаар ярилцаж буйнх. Таны мэргэжлийн хамгийн сайхан нь гэвэл?
-Миний мэргэжлийн хамгийн сайхан нь бүтээлээ урлаж дуусгаад, үйлчлүүлэгч маань “Баярлалаа, гоё болжээ” хэмээн сэтгэл ханамжтай байгаа нь сайхан. Мөн энд тэнд өөрийн хийсэн дээл хувцсаа өмсөж яваа хүний харах сайхан байдаг. 
 
-Бидний ярилцлага энд хүрээд өндөрлөж байна. Үйл тань уран байхыг ерөөл өргөе.
 
                                                  Э.Нарангэрэл
相关新闻