Зүүн хойд Азийн хотуудын дарга нар туршлагаасаа хуваалцаж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
192@montsame.mn
2018-06-19 11:45:27
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улаанбаатар хотын зүгээс Зүүн хойд Азийн хотын дарга нарын форумын үйл ажиллагааг тогтмолжуулан, хотуудын хамтын ажиллаагааны байнгын механизм болгох урьдчилсан нөхцөл бүрдсэн гэж үзэж байна.  
Манай орны нийслэлд хоёр дахь өдрөө чуулж буй Зүүн хойд Азийн хотуудын дарга нарын уулзалтаар хотуудын төлөөлөл нүүрстөрөгч багатай ногоон хөгжлийг бий болгох чиглэлээр баримталж буй бодлого, тулгарч буй бэрхшээл, агаарын бохирдлыг бууруулах технологийн шийдэл, туршлагын талаар илтгэл хэлэлцүүлэн мэдээллээ хуваалцаж байна. БНХАУ-ын нийслэл Бээжин хотын Ардын төлөөлөгчдийн хурлын Байнгын хорооны орлогч дарга Жан Чин "Бээжин хотын агаарын бохирдлын хяналтын тойм" илтгэлдээ, агаарын бохирдлыг бууруулахад бүс нутгийн зохицуулалт чухал бөгөөд Бээжин хотод байгаль орчныг хамгаалах хууль болон агаарын бохирдлыг бууруулах журам зэрэг 40 гаруй баримт бичгийг батлан гаргаж хэрэгжүүлж буйг дурдав. “2022 оны "Өвлийн олимп"-оос өмнө агаарын бохирдолгүй хот болохоор зорилт тавиад байна. НҮБ тэргүүтэй олон улсын байгууллага, хамтын нийгэмлэгийн улс орнууд хүлэмжийн хийг бууруулах, агаарын бохирдлыг арилгах чиглэлээр анхаарал хандуулан ажиллаж байгаад талархал илэрхийлэхийн зэрэгцээ Зүүн хойд Азийн улс орнуудтай агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хамтран ажиллахдаа таатай байна" гэлээ. Тус хот үйлдвэр, ААН-үүдийг нүүрс түлэхийг тодорхой хэмжээгээр хязгаарлан хориглож, агаар, орчны бохирдлын хэмжээг тодорхойлсон бүсүүдийг ангилан тогтоох зэргээр утааны эсрэг арга хэмжээг шат дараалан авсны үр дүнд агаарын бохирдлын аюултай хотоор зарлагдаад байсан зэрэглэлээ бууруулж чаджээ.
Хуралд оролцож буй НИТХ-ын дарга С.Амарсайхан, “Улаанбаатар хотын хувьд тулгамдаж буй агаар хөрсний бохирдол, тоосжилт, хүлэмжийн хийн асуудалтай холбоотой олон асуудлыг шийдвэрлэхэд дэлхийн Токио, Бээжин, Сөүл, Москва зэрэг хөгжингүй хотын хэрэгжүүлсэн туршлагаас суралцаж нийслэлийн өмнө тулгамдсан асуудлыг шийдвэрлэх боломж бий. Суралцаад зогсохгүй эдгээр хотуудаас технологийн, боловсон хүчний туслалцааг авч, харилцан үр ашигтай хамтран ажиллах замаар нийслэлчүүдийнхээ өмнө тулгамдаад байгаа асуудлыг шийдвэрлэж хэрэгжүүлэх хэрэгтэй байна” гэсэн юм. Нийслэлийн Засаг дарга С.Батолд, Манай форумын онцлог нь уур амьсгалын өөрчлөлт, дулаарлын эсрэг тэмцэх, агаарын бохирдлыг бууруулах байгаль орчны үндсэн сэдвээр зохион байгуулж туршлагаа харилцан солилцож ирсэн. Бидэнд ч хийж буй ажил бий, өнгөрсөн жил авсан гол арга хэмжээ нь сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийн дотоод орчны агаарын чанарыг сайжруулах тал дээр Улаанбаатар хот нилээн ахиц гаргасан. Мөн нүүрс төрөгчийн давхар ислийг бууруулах тал дээр автобусны утааг бууруулах шүүлтүүр тавих, бусад хотуудад цахилгаан тээвэрт шилжиж буй туршлагыг судалж байна.
ОХУ-ын Буриад улсын Улаан-Үд хотын дарга А.М.Голков, Манай хот салхи багатай бүсэд оршдог учраас агаарын бохирдлын асуудал үүсч эхэлж байна. Тиймээс бид эхний ээлжинд цахилгаан станцуудын түлшээ агаарын экологийн, аюулгүй цэвэр түлшээр солиход анхаарч ажиллаж байна гэсэн бол Чита хотын дарга О.Кузнецов, “Манай хот агаар, орчны бохирдлыг бууруулах чиглэлээр хоёр арга хэмжээ авч байгаагийн нэг нь, жижиг оврын уурын зуухуудыг нэгдсэн байдалд шилжүүлж технологийг шинэчилж, түлшээ сайжруулж байна. Хоёрт, хотынхоо эргэн тойрон ногоон бүс бий болгож байгаа нь хот цэвэр байх нэг арга зам гэж үзэж байна гэв. Сөүл хотын орлогч дарга Юн Жүн Бён, “Манай хотод агаарын бохирдол тодорхой хэмжээгээр бий. Өнгөрсөн 45 жилийн хугацаанд цогц арга хэмжээг авсаар ирсэн. Утаа, бохирдол бол ганцхан хотын асуудал биш учраас нийтээр авч үзэж хамтран ажиллах шаардлагатай, ингэж байж шийдэлд хүрдэгийг бид туршлагаараа мэдсэн. Сүүлийн жилүүдэд бид Бээжингээр дамжин Хойд болон Өмнөд Солонгос, цаашаа Японд хүртэл хүрч буй түйрэнтэй хэрхэн тэмцэх талаар хамтдаа ярилцаж шийдлийг хайж байна гэлээ.
Зүүн хойд Азийн хотын дарга нарын уулзалтаар ийнхүү харилцан туршлагаа солилцохоос гадна хамтран ажиллах талаар олон санал гарав. Тухайлбал, хөрш ОХУ-ын Буриад улсын нийслэл Улаан-Үд хотын зүгээс Улаанбаатарт Төлөөлөгчийн газраа нээж аялал жуулчлалын чиглэлээр ажиллахаар болсон бол Сөүл хотын удирдлага Улаанбаатар хотын соёл урлагийн багийг өөрийн хотод болох олон улсын нэр хүндтэй урлагийн фестивальд урилаа. Тус хотын зүгээс агаарын чанарыг сайжруулах чиглэлээр хэрэгжүүлэх Улаанбаатар хотын шинэ технологи бүхий төслийг дэмжин ажиллахаа форумын үеэр тус хотын орлогч дарга Юн Жүн Бён илэрхийлсэн юм. Тэгвэл ОХУ-ын Чита хотын хувьд хоёр орны сурагч солилцооны арга хэмжээг үргэлжлүүлэх, хөрш Монгол Улсын Дорнод, Сүхбаатар аймагт шинэ технологи, сайжруулсан түлш бүхий зуухыг дээрх хоёр аймгийн сумдын сургууль, цэцэрлэгт суурилуулах зэргээр хамтын ажиллагааны эхлэл тавив. Энэ удаагийн форумаар Зүүн хойд Азийн хотын дарга нарын форумыг зохион явуулах дараагийн хотыг тодруулах зохион байгуулалтын хурал яг одоо “АСЕМ Вилла” хотхонд болж байна. 2020 онд болох Зүүн хойд Азийн хотын дарга нарын форумыг зохион байгуулахад БНСУ-ын нийслэл Сөүл хоттой хамт БНХАУ-ын Чанчун хот нэрээ дэвшүүлэн өрсөлдөж байна.
Б.Болд
 
相关新闻