Олон улсын “Хонгоодор угай наадан”-д Ханхчууд амжилттай оролцлоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2018-06-20 13:15:02
Хөвсгөл /МОНЦАМЭ/ Буриад зан заншил, өв уламжлал, түүх соёлоо сэргээх, түгээн дэлгэрүүлэх зорилготой хоёр жил тутам зохион байгуулагддаг “Хонгоодор угай наадан” энэ сарын 17-19-ий өдрүүдэд ОХУ-ын Буриад улсын Ахан аймагт боллоо. Наадамд Ахан, Түнхэн, Закамен, Алайр, Хөвсгөл зэрэг таван аймгийн баг тамирчид соёл урлаг болон спортын төрлүүдээр 3 өдрийн турш өрсөлджээ.
Хөвсгөл аймгийг төлөөлөн “Хонгоодор угай наадан”-д Ханх сумын ИТХ-ын дарга Л.Дулмаахүү, Засаг даргын орлогч Э.Амарсанаа нараар ахлуулсан баг тамирчид амжилттай оролцоод ирлдээ. Тус наадамд оролцсон  Ханх сумын ерөнхий боловсролын сургуулийн 7а ангийн сурагч Б.Буянзаяа 100 метрийн ойрын зайн гүйлтэнд 3-р байр, 10-р ангийн сурагч Р.Энхтуяа “Дангина” сайхан бүсгүй тэмцээний “Эелдэг дангина”-гаар шалгарсан бол С.Равдандорж барилдсан жиндээ 3-р байрт шалгарчээ.

Мөн соёлын төвийн хөгжмийн багш Х.Эрдэнэбаатар гитартай дууны тэмцээнд “Шилдэг дуучин” номинаци, ерөнхий боловсролын сургуулийн хөгжмийн багш Л.Туул, “Звезда кочевника” гитартай дууны тэмцээн, “Хонгоодор аяншлага” шүлгийн тэмцээнд тус тус 2-р байр “Легенда о Хонгодорах” зургийн уралдаанд “шилдэг оролцогч”-оор шалгарсан зэрэг амжилтыг үзүүллээ. Баярын үеэр Монгол үндэстэн, ахуй руу чиглэсэн  сээр хугалах, буриад бөх, үндэсний ёс заншлыг харуулсан “Найрай отог” гэр ахуйн үзэсгэлэн, “Ночь ёохор” шөнийн бүжиг гэх мэтчилэн соёлын биет болон биет бус өвийг өвлүүлэн үлдээх, түгээн дэлгэрүүлсэн олон арга хэмжээ зохион байгуулагдсан ажээ.
Б.Гантуяа
 
相关新闻