Зөрчлийн тухай бие даасан хуультай болов

МОНГОЛЫН МЭДЭЭ
mn_tuul@montsame.mn
2015-12-04 20:41:49

УИХ-ын чуулганы өнөөдрийн үдээс хойшхи хуралдаанаар Зөрчлийн тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг үргэлжлүүлэн хийлээ.

Уг хуулиар торгох шийтгэлийг нэгжээр тооцохоор тусгасан бөгөөд нэг нэгж нь 2000 төгрөгтэй тэнцэх хэмжээтэй байх юм. Хуралдаанаар байнгын хорооноос гаргасан зарчмын зөрүүтэй саналаар санал хураалт явууллаа. Тухайлбал, хуулийн төслийн “Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих” гэсэн 14.4 дүгээр зүйлтэй холбогдуулж нийтдээ 56 заалтыг Зөрчлийн тухай хуулиар зохицуулахаар ажлын хэсгээс оруулж ирснийг гишүүдийн 86.3 хувь нь дэмжив. Учир нь Зөрчлийн тухай хуулийн төслийг өргөн барьснаас хойш Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль батлагдсан учраас уг хуульд заагдсан зөрчлийн талаарх бүх зохицуулалтыг Зөрчлийн тухай хуулиар торгож шийтгэхээр болж байгаа юм.

Мөн “Нийтийн сонсголын тухай хууль зөрчих” гэсэн төслийн 15.3 дугаар зүйлийг “Нийтийн сонсгол явуулах журам, дэгийг зөрчсөн, эсхүл оролцогчийн хуулиар хүлээсэн үүргийг биелүүлээгүй бол хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулна” гэж өөрчлөн найруулахаар болов. Түүнчлэн төслийн 15.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийг “1.Шүүх, прокурорын дуудсанаар хүрэлцэн ирэхээс зориуд зайлсхийсэн, эсхүл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулсан бол хүнийг нэг зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулна”, “2.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогч шүүхэд хүрэлцэн ирэх, эсхүл шүүхийн иргэдийн төлөөлөгч, шүүхийн захиргааны ажилтны үйл ажиллагаанд саад учруулсан бол хүнийг нэг зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулна” гэж тус тус өөрчлөн найруулахаар болов.

Хуулийн төслийн “Боловсролын тухай хууль зөрчих” гэсэн 15.25 дугаар зүйлд “1.Суралцагчид сэтгэл санааны дарамт үзүүлсэн, эсхүл мөнгө өгөх, ном, бүтээгдэхүүн худалдаж авахыг тулгасан, эсхүл хуульд заагаагүй төлбөр, хураамж авсан бол хүнийг арван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулна” гэсэн заалт нэмэх, “2.Боловсролын стандарт, эсхүл сургалтын байгууллагад тавигдах шаардлагыг зөрчсөн бол хүнийг арван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулна” гэсэн агуулгатай заалт нэмэхийг дэмжив. Мөн “Бага боловсролын сурах бичгийн боловсролын стандарт, эрүүл ахуйн шаардлагыг хангуулаагүй бол хүнийг арван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулна”, “Ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн жилийн эхлэх, үргэлжлэх, дуусах, эсхүл суралцагчдын амралтын хугацааг Бага, дунд боловсролын тухай хуульд зааснаас бусад үндэслэлээр өөрчилсөн, эсхүл хичээлийг түр хугацаагаар хаасан бол хуулийн этгээдийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулна” гэсэн заалт нэмэхээр боллоо.

Түүнчлэн Хүүхэд харах үйлчилгээний тухай хуульд заасан насны хязгаарыг зөрчиж хүүхэд харах үйлчилгээнд хүүхдийг хамруулсан бол зөвшөөрлийг хүчингүй болгож, хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулах, Хүүхэд харах үйлчилгээнд тавигдах нийтлэг шаардлагыг зөрчсөн, эсхүл хориглосон үйл ажиллагаа явуулсан бол зөвшөөрлийг хүчингүй болгож хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулахаар болов.

Ийнхүү чуулганы үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Зөрчлийн тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлэгтэй холбогдуулан Хууль зүйн байнгын хорооноос гаргасан зарчмын зөрүүтэй нийт 38 саналын томьёоллоор санал хурааж шийдвэрлэсэн юм. Мөн уг хуулийн хүчин төгөлдөр болох хугацааг Эрүүгийн хуультай нэгэн адил 2016 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөнө.

Зөрчлийн тухай хуулийн төслийг бүхэлд нь батлах санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон 48 гишүүний 40 нь буюу 83.3 хувь нь дэмжсэн юм. Мөн уг хуулийн төслийг дагалдаж өргөн баригдсан нийт 212 хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг батлах санал хураалтыг хууль тус бүрээр санал хурааж шийдвэрлэв. Түүнчлэн Захиргааны хариуцлагын тухай хуулийг хүчингүй болсонд тооцохоор болов. Мөн Зөрчлийн тухай хууль батлагдсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийг батлахыг чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 79.5 хувь нь дэмжлээ.

Чуулганы нэгдсэн хуралдаанаар Зөрчлийн тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд батлагдсантай холбогдуулан УИХ-ын дарга З.Энхболд хэлэхдээ, "Өмнө нь 230 гаруй хуулиар тус тусад нь зохицуулж байсан захиргааны хариуцлагын тогтолцоог нэгдсэн нэг хуулиар зохицуулахаар болж байгаа нь эрх зүйн чухал ач холбогдолтой шинэчлэл юм. Одоогоос 22 жилийн өмнө батлагдсан Захиргааны хариуцлагын тухай хуулийг шинэчлэн баталлаа" хэмээн онцлов.

Үүгээр чуулганы өнөөдрийн үдээс хойших нэгдсэн хуралдаан хэлэлцүүлгээ дуусгаж, 20 цагт өндөрлөлөө.

相关新闻