Аймгийн Засаг дарга мэдэгдэл гаргав
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬНэг нас хүрээгүй жаахан хүүг зодсон цэцэрлэгийн тогооч эмэгтэйн үйлдэлтэй холбогдуулан Дундговь аймгийн Засаг дарга С. Од- Эрдэнэ мэдэгдэл гаргав.Мэдэгдэлд, аймгийн хүүхэд хамгааллын зөвлөл нэгэн хэвийн хэлбэр төдий ажлаасаа ангижирч хүүхдийн эрх зөрчигдөж болзошгүй нэгж бүрийн гүнд орж ажиллах шаардлагатай байна гэдгийг онцлон дурьджээ.
Тэрээр мэдэгдэлдээ “Дундговь аймгийн Сайнцагаан суманд үйл ажиллагаа явуулдаг хувийн хэвшлийн “Оюуны хөгжил” цэцэрлэгийн багш, тогоочийн үүргийг хавсран гүйцэтгэж байсан эмэгтэй бага насны хүүхэдтэй зүй бусаар харьцсан бичлэг олон нийтэд цахим ертөнцөөр тарсан нь аймаг орны удирдлагад ажиллаж байгаа биднийг цочирдууллаа. Энэ нь үйлчилгээний байгууллагад, ялангуяа хүүхдийн байгууллагад ажиллагсдыг мэргэжлийн ур чадвар, ёс суртахуун, зан ааш зэрэг олон шалгуураар сонгон авч үйл ажиллагаанд нь ойр ойрхон хугацаанд үнэлэлт өгч байх шаардлагатайг харууллаа.
Энэ хэрэг ил болсон даруйд аймгийн хүүхэд хамгаалах зөвлөлийг хуралдуулж зөрчил гаргасан тогоочийг хуулийн байгууллагад шилжүүлж уул цэцэрлэгийн үйл ажиллагааг зогсоогоод байна. Мөн энэ мэт зөрчил гаргахгүй байх нөхцлийг аймгийн хэмжээнд бүрдүүлэхээр хэд хэдэн арга хэмжээг хэрэгжүүлж эхэллээ.
Аймгийн хүүхэд хамгааллын зөвлөл нэгэн хэвийн хэлбэр төдий ажлаас ангижирч хүүхдийн эрх зөрчигдөж болзошгүй нэгж бүрийн гүнд орж ажиллах шаардлагатай байна.
Аймгийн удирдлагын зүгээс зүй бус үйлдэл гаргасан этгээдэд хуулийн хариуцлага хүлээлгэх, ажил үүргээ зохих ёсоор биелүүлээгүй албан тушаалтанд хуулийн хүрээнд хатуу арга хэмжээ авахаа аймгийн Засаг даргын хувьд албан ёсоор мэдэгдэж байна” гэжээ.
Дундговь Т. Отгонтуяа