Эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх энэ оны төлөвлөгөө 88 хувьтай хэрэгжжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬАймгийн эдийн засаг, нийгмийг 2015 онд хөгжүүлэх үндсэн чиглэл төлөвлөгөө 88.7 хувьтай хэрэгжсэн байна.
Энэхүү төлөвлөгөө нь таван үндсэн агуулгатай бөгөөд “Амар тайван аюулгүй орчинтой Дундговь” бүлэг хамгийн өндөр буюу 96.8 хувь, “Ажилтай орлоготой иргэдтэй Дундговь” 91.1 хувийн хэрэгжилттэй байна. Харин “Эрдэм боловсролтой иргэнтэй Дундговь”, “Эрүүл чийрэг иргэнтэй Дундговь”, “Эрх чөлөөт иргэдтэй Дундговь” бүлэг 82- 87.9 хувийн хэрэгжилттэйгээр хяналт шинжилгээ, үнэлгээ хийгджээ.
Энэ онд төлөвлөсөн томоохон хэд хэдэн ажил байна. Тухайлбал, нарны сэргээгдэх эрчим хүчний төслийн техник эдийн засгийн үндэслэлийг гаргаж, 49 сая төгрөгөөр зураг төсөл хийлгэсэн. Мандалговь хотод цэнгэлдэх хүрээлэнгийн эхний блокийг 1.4 тэрбум төгрөгөөр барьж эхлүүлсэн, Хөл бөмбөгийн ногоон талбайг ашиглалтад оруулсан, “Нарны хүлэмж” –ийн зураг төсөл хийлгэж, 600 сая төгрөгөөр эхний блокийг гүйцэтгэж байгаа, Дэрэн суманд 300 үнээний ферм байгуулахад 700 сая төгрөг төлөвлөж, байгууламж барих гүйцэтгэгчийг сонгон шалгаруулсан, Мандалговь хотод нийтийн хэв журмыг хянаж, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор 62 цэгт хяналтын камер, 150 гэрэлтүүлгийг 700 сая төгрөгөөр суурилуулсан зэрэг ахиухан хөрөнгө оруулалт шаардсан ажлууд 70- 90 хувийн гүйцэтгэлтэйгээр үнэлэгджээ.
2015 оныг Дундговь аймаг Аялал жуулчлалыг дэмжих жил болгосон. Энэ зорилтын хүрээнд орон нутгийн хөгжлийн сангийн 60 сая төгрөгөөр Өлзийт сумын Цагаан суварга, Сайхан- Овоо сумын Онгийн хийдийн жуулчны баазын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг мэргэжлийн байгууллагаар хийлгэж өгсөн. “Цагаан суварга” жуулчны баазын дэд бүтэцийг сайжруулж, ӨМӨЗО- ны Хянган аймгийн Ой шугуйн товчооноос өгсөн алтан харганын үрийг тус жуулчны баазын ойролцоох 7.5 гад тарьсан. Орон нутгийн хөгжлийн сангийн 280 сая төгрөгийн хөрөнгөөр Сүм Хөх Бүрдийн байгаль орчныг нөхөн сэргээж, дэд бүтцийг хөгжүүлэх зураг төсөл хийлгэж, “Санжат” ХХК 2.1 тэрбум төгрөгөөр гүйцэтгэж эхэлсэн нь Аялал жуулчлалыг дэмжих жилийн гол ажил болжээ.
Дундговь Т. Отгонтуяа