Ирэх онд “Цахим аймаг” хөтөлбөр хэрэгжүүлнэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬСумын төвийн нийтийн хэв журмыг аймгийн төвд камераар хянаж, төрийн албан хаагчдын сургалт, хурал зөвлөгөөнийг онлайнаар хийдэг болно гэж аймгийн Засаг дарга ирэх онд төлөвлөсөн ажлаа ИТХ- ын хуралдаанд танилцуулах үеэр онцоллоо.
Дундговь аймгийн төв сумдтайгаа шилэн кабелиар холбогдсон давуу дэд бүтэцтэй. Үүнийгээ түшиглэн ирэх онд “Цахим аймаг” хөтөлбөр хэрэгжүүлж, Орон нутгийн хөгжлийн сангаас 145 сая төгрөг зарцуулахаар төлөвлөжээ.
“Цахим аймаг” хөтөлбөрийг хэрэгжүүлснээр аймгийн төв бүхэлдээ утасгүй интернэт орчинтой болж, ард иргэдийн мэдээлэл авах хүртээмжийг нэмэгдүүлнэ. Мөн Төрийн албан хаагчдын сургалт, зөвлөгөөн, сумын удирдлагуудтай хийх шуурхай хурал зэргийг онлайнаар явуулж, цаг хугацаа, зардал мөнгө хэмнэдэг болох бол иргэд Улаанбаатар хотын их дээд сургуулиудад онлайнаар суралцах боломж ч бүрдэх юм байна.
Дундговь Т. Отгонтуяа