Хулд сумын иргэд хоршоо байгуулан жоншны уурхайг ажиллуулахаар болжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬДундговь аймгийн Хулд сумын Түймэрт цагаан дахь жоншны бичил уурхайг өнгөрөгч долдугаар сард хаасан шийдвэрээ аймгийн ИТХ- ын тэргүүлэгчид өчигдөр цуцалж, уурхайг эргэж нээхээр болсон байна.
Хулд сумын иргэд уурхайг урьд ажиллаж байсан нөхөрлөлийн зохион байгуулалтаар биш томоохон хоршоо болж ажиллуулах хүсэл сонирхолд нэгдсэн байна. Ингэснээр бичил уурхайн аюулгүй ажиллагааны горим, ашиг орлогын тэгш хуваарилалт алдагдсан шударга бус байдал арилж, байгаль орчин, сум орон нутгийн хөгжил, иргэдийнхээ аж амьдралд эерэг нөлөө үзүүлэхүйц уурхай болж чадна гэж үзжээ. Ингээд “Хулдын хувь хишиг” хоршоог 730 гаруй гишүүнтэйгээр байгуулж, Улсын бүртгэлд бүртгүүлэн үйл ажиллагаа явуулах албан ёсны эрхтэй болсон байна. Хоршоо аймгийн ИТХ- ын тэргүүлэгчдэд хандаж бичил уурхайн үйл ажиллагааг зогсоосон шийдвэрээ цуцалж, “Хулдын хувь хишиг” хоршоонд бичил уурхай эрхлэх боломжийг олгох талаар хүсэлт ирүүлснээр дээрхи шийдвэр гарчээ.
Түймэрт цагааны жоншны уурхай таван жил гаруй өмнө ажиллаж эхэлсэн бөгөөд жил ирэх бүр байгаль орчинд халтай болж, аюулгүй ажиллагааны горим алдагдан, хүний амь нас эрсэдсэн нэг бус удаагийн тохиолдол гарсан юм. Мэргэжлийн хяналтын газар уурхайн үйл ажиллагааг хэд хэдэн удаа зогсоож байсан ч дорвитой өөрчлөлт гараагүй. Хамгийн сүүлд өнгөрөгч долдугаар сард аймгийн ИТХ- ын тэргүүлэгчдийн тогтоолоор уурхайг хаагаад байжээ. Гэсэн ч хулгайгаар жонш олборлох явдал тасрахгүй үргэлжилсэн байна
Цаашид уурхайг ямар зохистой хэлбэрээр ажиллуулах талаар сумын иргэдийн дунд нэг бус удаа хэлэлцүүлэг өрнүүлснээр гишүүддээ тэгш үйлчлэх хоршооны зохион байгуулалтыг сонгож, олборлосон жоншоо гаднын аж ахуйн нэгжид газар дээр нь худалддаг байсныг больж, өөрсдөө борлуулалтаа хийдэг байх, байгаль орчныг нөхөн сэргээх хөрөнгийг бүрдүүлж, нөхөн сэргээлтийг горимын дагуу хийдэг байхаар шийдсэн нь энэ ажээ.
Дундговь Т. Отгонтуяа