2016 оныг “Залуучуудын хөгжлийг дэмжих жил” болгон зарлалаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙАймгийн ИТХ-аас 2016 оныг “Залуучуудын хөгжлийг дэмжих жил” болгон зарлалаа. Чингэхдээ аймаг, орон нутаг, иргэдийн өмнө хамгийн ихээр тулгамдаж буй асуудлуудыг иргэд, олон нийтийн оролцоотойгоор тодорхойлох үүднээс нээлттэй санал асуулгыг олон хэлбэрээр явуулсан юм.
Тухайлбал аймгийн хэмжээнд төрийн байгууллагууд, худалдаа, үйлчилгээний төвүүд дээр нийт 186 ширхэг саналын хайрцаг байрлуулснаар 19187 иргэн хандсан байна. МШУТ-ийн 7032-1111, 7032-3912 суурин утсаар 12 иргэн хандсан бол орон нутгийн телевизүүдээс явуулсан шууд нэвтрүүлгээр 193, uvurkhangai.mn цахим хаягаар 53 гээд нийт дүнгээр 19445 иргэн санал өгчээ. Үүнээс 13784 саналыг 19 сумдаас ирүүлсэн байна.
Иргэдээс ирүүлсэн саналыг нэгтгэхэд Ажлын байрыг нэмэгдүүлж, ажилгүйдэл, ядуурлыг бууруулах жил гэсэн саналыг 3859 удаа, Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих чиглэлээр 1278, Эрүүл мэндийг дэмжих, чанар үйлчилгээг сайжруулах чиглэлээр 810, Залуучуудыг дэмжих жил болгох санал 2295, Залуу гэр бүлийг дэмжих чиглэлээр 597, боловсролыг дэмжих чиглэлээр 1830, Архи тамхигүй орчин бий болгох, архидалтыг бууруулах чиглэлээр 492, Төрийн албан хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх чиглэлээр 298 гээд 70 орчим төрлөөр санал өгсөн байна.
Аймгийн хэмжээнд 2014 оны жилийн эцсийн байдлаар нийт хүн амын 36.1 хувийг 16-34 насны залуучууд эзэлж байна. Тодруулбал Өвөрхангай аймаг 112000 хүн амтайгаас 40691 нь дээрх насны залуучууд юм. Мөн 2014 оны жилийн эцсийн байдлаар авч үзэхэд нийт 1799 бүртгэлтэй ажилгүйчүүдийн 56.1 хувь нь 16-34 насны залуучууд байгаа ба 558 хүн гэмт хэрэг үйлдсэний 58.0 хувийг энэ насны залуус үйлджээ. Согтуугаар үйлдэгдсэн гэмт хэрэг, зам тээврийн ослын дийлэнх хувийг залуучууд гаргаж байгаа ба гэр бүл салалт 2014 онд 66, 2015 оны 10 дугаар сарын байдлаар 53 бүртгэгдснээс ихэнх нь залуу гэр бүл байна.
Эдгээр үндэслэлийн хүрээнд болон залуучуудын тавьсан саналын дагуу 2016 оныг “Залуучуудын хөгжлийг дэмжих жил” болгон зарлахаар асуудлыг ИТХ-ын хуралдаанаар хэлэлцүүлж, төлөөлөгчид 100 хувь дэмжлээ. Залуучуудын өмнө ажлын байрны хомсдол, тогтвортой орлогын эх үүсвэргүй байдал, нөхөн үржихүйн эрүүл мэндийн асуудал, боловсрол, мэдлэг ур чадвараа дээшлүүлэх нөхцөл хязгаарлагдмал, Чөлөөт цагаа зөв боловсон, үр бүтээлтэй газар ховор гэсэн олон асуудал тулгамдаж бй бөгөөд үүнээс шалтгаалан нийгмийн амьдралд оролцох оролцоо сул, архидалт, гэмт хэрэгт холбогдох эрсдэл их, гэр бүл салалт өссөн дүнтэй байна хэмээн үзэж байгаа юм. Тиймээс ирэх онд энэ чиглэлээр дорвитой ажил хийх төлөвлөгөөтэй байгааг аймгийн ЗДТГ-ын ТЗУХ-ийн дарга Б.Энхцэцэг мэдээлэлээ.
Дашрамд дурьдахад Өвөрхангай аймагт 2009 оныг “Үйлдвэржилтийг дэмжих жил”, 2010 оныг “Орчноо тохижуулах жил”, 2011 оныг “Их ой, бүтээн байгуулалтын жил”, 2012 оныг “Ажлын байр нэмэгдүүлэх жил”, 2013 оныг “Төрийн үйлчилгээний шинэчлэл, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх жил”, 2014 оныг “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил”, 2015 оныг “Эрүүл мэндийг дэмжих жил” болгон тус тус зарлаж, зорилтот жилийн хүрээнд Өвөрхангай аймагтаа тулгамдаад байгаа тодорхой ажлуудыг шийдвэрлэн хэрэгжүүлж байсан юм.
Б.Батчимэг