“Сэлэнгийн цом”-ын эзнээр Мандал сумын баг тамирчид шалгарчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
erdenechimeg@montsame.mn
2015-12-06 22:07:36

УИХ-ын гишүүн, ЗГХЭГ-ын дарга С.Баярцогт, УИХ-ын гишүүн, Аж Үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат нарын дэмжлэгтэйгээр зохион байгуулагдаж буй Сэлэнгийн цом спортын наадам хоёр дахь жилдээ Улаанбаатар хотноо амжилттай зохион байгуулагдсан байна.

Уг наадамд Сэлэнгэ аймгийн сум, тосгод нийлсэн 19 баг 700 гаруй баг тамирчид спортын 5 төрлөөр оролцож, хурд хүчээ сорин өрсөлджээ. Улаанбаатар хотноо өнгөрсөн сарын 27-29-ний өдрүүдэд зохион байгуулагдсан уг наадмыг 1300 орчим Сэлэнгэчүүд үзэн сонирхож, цахим байдлаар 13000 хүн тэмцээний мэдээллийг авсан байна. Ингээд ширээний теннисний төрөлд эмэгтэй тэргүүн байрыг Хөтөл хотын н.Энхжаргал, эрэгтэй тэргүүн байрыг Хөтөлийн н.Мягмарсүрэн, Үндэсний бөхийн барилдаанд Орхонтуул сумын заан Н.Ширчинхүү түрүүлж, Мандал сумын заан Х.Наранбаяр үзүүрлэсэн байна.

Мөн наадмын шатарын төрөлд тэргүүн байрт эрэгтэйчүүдээс Сүхбаатар сумын С.Эрхэмбаяр, эмэгтэйчүүдээс Сүхбаатар сумын О.Баясгалан нар орсон байна. Харин сагсан бөмбөгийн төрөлд эрэгтэйчүүдээс Баруунхараа, эмэгтэйчүүдээс Мандал багууд, гар бөмбөгийн төрөлд эрэгтэйчүүдээс тэргүүн байрт Мандал, эмэгтэйчүүдээс Сүхбаатар багууд тус тус шалгарч 500000 төгрөг шагнуулсан бол шилжин явах “Сэлэнгийн цом”-ын эзнээр Мандал сумын баг тамирчид шалгарсан байна.

Сэлэнгэ аймаг.Ч.Отгонцэцэг

相关新闻