Элэгний вирусыг 90 минутад илрүүлж тоолох зөөврийн төхөөрөмж нэвтэрлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2018-07-27 12:07:42
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Дэлхийн хепатитын өдрийг угтан Оном сангаас “Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтэд зориулж дэлхийн хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт технологи бүхий төхөөрөмж  оруулж ирж байгаа талаараа өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийв.

Тус сангийн харьяа Элэгний төв АНУ-ын Сейпхэйд корпорацитай хамтран шинжилгээний дээжийг зөөж тээвэрлэхгүйгээр хепатитын вирусын ачаалал тодорхойлох буюу РНХ/ДНХ тоолох тоон шинжилгээ хийдэг 50 ширхэг Cepheid GeneXpert нийт 2.8 орчим тэрбум төгрөгийн үнэ өртөгтэй системийг Монгол Улсад нэвтрүүлэх гэж байгаа ажээ. Ингэснээр аймгийн төвд молекул биологийн нарийвчилсан тоон шинжилгээ нэвтрэхээс гадна уг систем нь овор багатай бүрэн автомат учир ажиллагаа хялбар, сумдаар явж шинжилгээ хийх бүрэн боломжтой. Эдгээр тоног төхөөрөмж нь ирэх сарын 20-нд ирэх бөгөөд Төв аймгийн сумаас эхлэн ЭМД-аар вирусын илрүүлэг, оношилгоо хийнэ гэдгийг Оном сангийн ТУЗ-ийн дарга Д.Наранбаатар хэллээ.



Мөн бусад тэргүүлэгч зэргийн төхөөрөмж, нарийн мэргэжлийн лобараторид таван цагийн турш хийдэг шинжилгээг энэхүү аппарат 90 минутын дотор сумын эмнэлэгт хийх боломжийг бүрдүүлж байгаа гэдгийг Элэгний төвийн судлаач О.Одгэрэл тодотгож байв. Энэхүү систем нь дэлхийд хамгийн орчин үеийн, бүрэн автомат, вирус тоолох тоног төхөөрөмж бөгөөд вирус тоолох олон үйлдлийг ганцхан багажаар хийдэг систем юм.
Хөтөлбөрийн хүрээнд эмийн үйлдвэрлэл, түгээлт, эрт илрүүлэлт, оношилгоог блокчэйн технологи хэрэглэн хянаж байгаа АНУ-ын Римеди компанитай хамтран Монгол Улсад хепатитын вирусын халдвар илрүүлэх шинжилгээ, оношилгоо, эмчилгээ хийлгэж буй иргэдийг шат бүрт бүрэн хянах, мэдээллийг хамгийн аюулгүй, найдвартай хадгалах шийдлийг туршилтын аргаар хийж гүйцэтгэсэн байна. Дэлхийн хамгийн орчин үеийн дэвшилтэт техологийг монголын эрүүл мэндийн салбарт нэвтрүүлэхэд цаашид идэвхтэй хамтран ажиллана гэдгээ мөн тэрбээр хэлсэн юм.
Улмаар хепатитын В, Д, вирусын давхар халдварын асуудал “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийн хэрэгжилтэд орхигдоод байгааг дурдаад тулгамдаад байгаа энэ асуудлыг нээлттэй авч хэлэлцэн тодорхой шийдэлд хүрэх зорилгоор Оном сан, Монголын эмч нарын нийгэмлэг, Монголын гастроэнтреологийн холбоо, Монголын лабораторийн нэгдсэн сүлжээ, Өвчтөн, нийгмийн төлөөллийн зөвлөл хамтран “Элэгний Д,В, вирусын эсрэг нэгдэн тэмцэе” нээлттэй хэлэлцүүлгийг Дэлхийн хепатитын өдрийг тохиолдуулан маргааш ГХЯ-ны хурлын танхимд зохион байгуулах юм.

Түүнчлэн Оном сангаас санаачлан хэрэгжүүлж буй “Элэгний вирусээ илрүүлье, эмчилье” зорилтот хөтөлбөрийн хүрээнд гадаадад ажиллаж, амьдарч буй монголчууд элэгний вирусын эрт илрүүлэг, оношилгоо эмчилгээнд хамрагдах боломж нээгдэх юм. Тухайлбал, ирэх сарын 19-нд АНУ-ын Калифорни мужийн Лос-Анжелос хотод оршин суугаа монголчуудын дунд элэгний вирусын эрт илрүүлэг, оношилгоо, эмчилгээнд хамруулах үйл ажиллагаа зохион байгуулахаар төлөвлөжээ.
 
Ж.Болор

Гэрэл зургийг Н.Батбаяр
 
 

相关新闻