Д.Дорлигжав: Цаазын ялгүй болох нь ялын бодлогын хувьд зөв хувилбар юм
МОНГОЛЫН МЭДЭЭУИХ-аар Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулга, Зөрчлийн тухай хууль өнгөрсөн долоо хоногт батлагдсантай холбогдуулан УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Ганбат, Хууль зүйн сайд Д.Дорлигжав нар өнөөдөр Төрийн ордны “Г” танхимд хэвлэлийн бага хурал хийлээ.
Хэвлэлийн бага хурлын эхэнд Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Ганбат, “Цаг хугацаа шаарддагдсан эдгээр хуулийг дагаж хамгийн наад талдаа 5 хууль баталж байж Эрүүгийн болон Зөрчлийн хууль цогцоороо хэрэгжих боломж бүрдэнэ" гэдгийг онцоллоо. Хууль зүйн сайд Д.Дорлигжав, “Шинэ Эрүүгийн хуулийг мэргэжлийн түвшинд авч үзвэл эргэлт авчирсан хууль болсон. Харин захиргааны шинжтэй 220 гаруй хуулинд байсан заалтыг нэгтгээд Зөрчлийн тухай хуулийг багцлан гаргасан. Дээрх хуулийг ирэх оны 9 дүгээр сарын нэгнээс мөрдөнө. Үүний өмнө эдгээр хуультай холбоотой хуулиудыг УИХ-аар батлуулах, боловсон хүчнээ сургаж бэлтгэх, гарын авлага хэвлүүлэх, бүтэц зохион байгуулалтаа хийх зэрэг асар их бэлтгэл ажилд салбарынхан өөрсдийгөө бэлтгэж байна” гэсэн юм. Энэ үеэр сэтгүүлчид сонирхсон асуултдаа хариулт авав.
-Эрүүгийн хуулинд сонгуулийн үеэр хүн гүтгэсэн бол эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ гэж тусгасан нь улстөрчид өөрсдөдөө ашигтай байдлаар хуульчилсан юм биш үү?
Д.Ганбат: Засгийн газраас өргөн барьсан хувилбараар бол хүн гүтгэвэл эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр тусгасан байсан. УИХ, Хууль зүйн байнгын хорооны түвшинд яриад Зөрчлийн тухай хуулинд уг заалтыг оруулсан. Ер нь хүнийг гүтгэвэл гурван зүйл заалтаар эрүү үүсгэж байгаа. Нэгдүгээрт, Сонгууль бол төрөө байгуулж байгаа явдал юм. Төрөө байгуулж байгаа хэрэгт гүтгэх үйлдэл гаргавал эрүү үүсгэхээр зохицуулалт оруулсан. Хоёрдугаарт хэрэг бүрдүүлэлт, мөрдөн байцаалтын шатанд хүнийг гүтгэвэл эрүү үүсгэнэ. Гуравдугаарт шүүх ажиллагааны явцад хүн гүтгэвэл эрүү үүснэ.
-Цаазын ялыг шинэ Эрүүгийн хуулиар халж, ингэснээр бүх насаар нь хорьдог болж байна. Шоронгийн хүрэлцээ ямар түвшинд байдаг юм бол?
Д.Дорлигжав: Цаазын ялгүй байх олон улсын конвенцид манай улс нэгдсэн. Энэ заалтыг өнөөдөр олон улсад хэрэглэж байна. Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчөөр сонгогдсоноосоо хойш цаазын ялтай иргэн хэрэв хүсэлт гаргавал уучилж ирсэн. Энэ нь ч ялын бодлогын хувьд зөв хувилбар юм.
-Эрүүгийн хуулинд гэрийн хорионд байлгах гэсэн заалт орж ирсэн байна. Тухайн иргэнийг гэрийн хорионд байгааг нь хэрхэн хянах вэ?
Д.Дорлигжав: Энэ заалтыг хэрэгжүүлэхэд техник технологи хөгжсөн өнөөгийн түвшинд их боломжтой. Тухайн хүний байж болох хүрээ хязгаарыг программд оруулаад өгчихнө. Тэр хязгаараас гарвал хяналтын төвд дохио ирнэ. Гэрийн хориог зөрчвөл биеэр ял эдлэх ба хорио нь 7 хоногоос 5 жил хүртэл хугацаатай байхаар хуульчиллаа.
-Торгуулийн систем өөрчлөгдсөн тухайд ямар тайлбар хийх вэ?
Д.Дорлигжав: Одоогийн хуулиар хохирлын хэмжээгээр нь хэргийг хөнгөн, хүнд, хүндэвтэр, онц хүнд гэсэн ангилалд оруулж, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй уялдуулан хохирлыг тооцож ирсэн. Гурван талт хэлэлцээрийн хүрээнд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг заасан хугацаанд шинэчилж нэмэгдүүлэхээр хөнгөн, хүнд, хүндэвтэр болоод байсан юм. Өөрөөр хэлбэл, тоо өөрчлөгдөхөд ялын бодлого өөрчлөгддөг байсан юм. Иймээс торгуулийг нэгжээр тооцохоор болж, нэг нэгж нь 2000 төгрөг байхаар хуульчилсан.
Б.Туул
Гэрэл зургийг Т.Чимгээ