Монголчуудын буян хишиг, цог хийморийн бэлгэдэл “Очирваань” шүтээнийг тахина

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2018-08-02 10:44:11
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн Засаг даргын Тамгын газар Монголын Бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдтэй хамтран “Даншиг наадам-Хүрээ цам 2018” шашин соёлын наадмыг энэ сарын 4,5-ны өдрүүдэд Хүй долоон худагт дөрөв дэх жилдээ зохион байгуулна.

Наадмын эхний өдөр Монгол түмнийг ивээгч, эв нэгдэл хүч чадлын бэлгэдэл “Очирваань” бурханы дүрийг залж тахих юм. Энэхүү шүтээнийг Монгол орныг даасан их "Ядам" бурхан хэмээдэг бөгөөд шүтээнийг Монголчуудын буян хишиг, цог хийморийг дэлгэрүүлэн бадраан дааж явдаг хэмээн бурханы шашинд үздэг байна.
Шүтээнийг бүтээхдээ Монголчуудын цог хийморь, эд баялгийн бэлгэдэл Богд Очирваань бурханыг голд байрлуулж, баруун дээд хэсэгт нь Мэгжид Жанрайсиг, зvvн дээд хэсэгт нь эрдэм боловсрол, оюун ухааны Манзушир, дээд хэсэгт нь Шагжамуни, баруун талд нь Отгонтэнгэр хайрхан, зүүн талд нь Бурханхалдун уулыг дүрсэлжээ. Харин баруун доод хэсэгт нь Өлзийт найман тахил, зүүн доод хэсэг нь төрийн долоон эрдэнийг дvрсэлсэн бол доод хэсэгт нь номт гурван хаан Их эзэн Чингис, Өгөөдэй, Хубилай нарын хөргийг байрлуулсан байна. Эргэн тойронд нь цэцэг навч, жимс жимсгэнэ, од эрхсийг зурсан нь элбэг дэлбэг, энх тунх оршихын бэлгэдэл билээ.

Сүсэгтнүүдийг хүрэлцэн ирж буянаа хураахыг зохион байгуулагчдын зүгээс урьжээ.

Ж.Болор

相关新闻