Цахим тоглоомонд донтсон 6 хүүхдийг БОЭТ-д шилжүүлжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙӨвөрхангай аймагт энэ оны байдлаар цахим тоглоом буюу РС-нд донтсон гэх зургаан хүүхдийг Цагдаагийн газраас БОЭТ-ийн сэтгэц, мэдрэлийн тасагт шилжүүлжээ.
Аймгийн хэмжээнд нийт 16 цахим тоглоомын газар ажиллаж байгаагаас 50 хувь нь Арвайхээр суманд байгаа юм.
Цахим тоглоомын үйлчилгээг үзүүлэх гэрчилгээг авахдаа эрүүл ахуй, ажлын байрны нөхцөл, галын аюулгүй байдлын дүгнэлт, цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн олгодог. Мөн нэг давхар, зоорины давхарт үйл ажиллагаа явуулахыг, аллага, хүчирхийлэл, садар самуун сурталчилсан тоглоом тоглуулахыг, 9 нас хүрээгүй хүүхдэд үйлчлэхийг тус тус хориглоно.
Гэтэл Арвайхээр суманд үйл ажиллагаа явуулж буй цахим тоглоомын газрууд нэг давхрын харанхуй, битүү орчинд аллага, хүчирхийлэлтэй тоглоомоор бага насны хүүхдүүдийг олон цагаар тоглуулж, сэтгэц, мэдрэхүйд хүчтэй сөрөг нөлөөг үзүүлж байгаа юм. Мөн сурагчид гар утсандаа тоглоом татан суулгаж, хичээлийн цагаар тоглон багш нарынхаа уурыг барж байгаа талаар ч багагүй гомдол байна.
Холбогдох байгууллагуудаас 8 тоглоомын газарт шалгалт явуулахад үйлчлүүлэгчдийн бүртгэл хөтлөөгүй, үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлгүй сунгуулаагүй, зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулсан зэрэг дөрвөн зөрчил илэрч, тус бүр 20 мянгаар торгон нэг газрыг хаах арга хэмжээ авсан байна.
Өвөрхангай Б.Батчимэг