Говь-Алтай аймгийн ихэнх нутгийн бэлчээрийн ургамлын гарц сайжирч байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2018-08-13 15:00:16
Говь-Алтай /МОНЦАМЭ/ Говь-Алтай аймгийн зуншлагын байдал буюу бэлчээрийн ургамлын ургалтын байдал наймдугаар сарын 11-ний өдрийн байдлаар нийт нутгийн 40.8 хувь нь хэвийн, 59,2 хувь нь дунд үнэлгээтэй гарчээ. Тухайлбал, Тонхил, Бугат, Хөхморьт, Баян-Уул, Гуулин тосгон, Дэлгэр, Тайшир, Чандмань сумуудын нутгаар хэвийн, Есөнбулаг, Алтай, Тоорой тосгон, Бигэр, Дарив, Жаргалан, Төгрөг, Халиун, Цогт, Цээл, Шарга, Эрдэнэ сумуудад дунд байна.
Долоодугаар сарын 11-ний өдрийн байдлаар тус аймгийн бэлчээрийн ургамлын ургалтын хэмжээ нийт нутгийн 18.4 хувьд нь хэвийн,  59.2 хувь нь дунд, 22.4 хувь нь муу байсан бол нэг сарын дотор  ийнхүү бэлчээрийн нөхцөл байдал, ургамлын ургалт сайжирсан нь хур тунадас ихээхэн орсонтой холбоотой юм. Тодруулбал наймдугаар сар гарсаар Дэлгэр 82.2 мм, Гуулинд 61.3 мм, Бигэрт 35.5 мм, Есөнбулагт 33.9 мм, Цээлд 29.0 мм, Халиунд 26.5 мм, Даривт 22.2 мм, Цогтод 18.3 мм, Хөхморьтод 17.1 мм, Тайширт 15.8 мм, Шаргад 14.0 мм, Чандманьд 13.0 мм, Тонхилд 11.9 мм, Жаргаланд 11.2 мм, Төгрөгт 9.7 мм, Эрдэнэд 8.7 мм, Баян-Уулд 7.8 мм, Бугат 7.0, Алтайд 5.8 мм, Тооройд 0.4 мм хур тунадас орсон байна. 
Цаашид ч бороо хур элбэгтэй байх ба энэ сарын 14,15-ны өдрүүдэд Говь-алтай аймгийн ихэнх нутгийг хамарсан усархаг бороо орох тул ард иргэдийг үер ус, нөөлөг салхи, мөндөр, аянга цахилгааны аюулаас сэрэмжтэй байхыг Ус цаг уур, орчны шинжилгээний газраас онцгойлон анхааруулав. 
 
Э.Нарангэрэл
 
相关新闻