Чанаргүй барилга барьсан компаниудын "Хар жагсаалт" яаралтай гаргах үүрэг өгөв

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2018-08-14 12:03:34
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд шуурхай хурал зохион байгуулж, холбогдох үүрэг даалгаврыг өглөө.

Хурлын өмнө, аймаг, дүүрэгт ажилласан ажлын хэсэг сургууль, цэцэрлэгийн барилга, урсгал засварын явцыг танилцуулж, нийтлэг алдаа, цагийн хоцрогдлын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөв. Орон нутгийн удирдлагуудад сургууль, цэцэрлэг, спорт заалны барилга угсралт, засварын худалдан авалтыг зохион байгуулах эрх шилжүүлсэн хэдий ч хууль, журмын дагуу ажлаа зохион байгуулаагүй, улсад хохирол учруулсан байж болзошгүй хэд хэдэн зөрчил гарсныг хууль хяналтын байгууллагаар шалгуулах үүрэг болгож, албан даалгавар хүргүүлэхээр боллоо. "Шат шатандаа сахилга хариуцлага, дэг журмыг сахиж ажиллах" шаардлагатай байгааг сайд онцлов.

Сургууль, цэцэрлэгийн барилгын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулахдаа хамгийн бага үнийн дүн санал болгосон компанийг сонгодог уламжлалт арга барилыг шинэчлэх, арга зүйн өөрчлөлт хийхгүй бол чанаргүй барилга барьдаг, барьсан барилга ердөө гуравхан жилийн дараа нурдаг явдал гарч байгааг нэн даруй өөрчлөх шаардлагатайг дахин сануулж, улсад хохирол учруулж чанаргүй гүйцэтгэл үзүүлсэн компаниудын "Хар жагсаалт"-ыг яаралтай гаргах үүрэг даалгавар өгсөн юм.

Түүнчлэн, сургууль, цэцэрлэгийн  захирлуудын ур чадвараас хамаарч хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажил, зохион байгуулалт, орчны аюулгүй байдал, ариун цэвэр харилцан адилгүй байгааг анхааран авч үзэхийг холбогдох удирдлагуудад үүрэг болгов. Хүүхдийн сурах орчны аюулгүй байдлыг цаашид үргэлжлүүлэн шалгаж, "аюулгүй" болох хүртэл өгсөн үүргийн биелэлтийг шалгаж, тайлан мэдээг хүлээж авах даалгалаа.
相关新闻