Суурь боловсролын хамран сургалтыг 95 хувиас дээш гаргахаар зорилт тавьжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
Говь-Алтай /МОНЦАМЭ/ Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газар, Боловсрол, соёл урлагийн газар хамтран 2018-2019 оны хичээлийн шинэ жилд мөрдөх зорилтоо батлахаар багш нарын бага хурлыг наймдугаар сарын 27-ны өдөр Алтай хотноо зохион байгуулсан билээ. Тэгвэл тус хурлын үеэр багш нарын дэвшүүлсэн саналыг Боловсрол, соёл урлагийн газрын хамт олон нэгтгэн энэ хичээлийн жилд мөрдөх зорилтуудыг баталжээ.
Зорилтод хамран сургалтыг сургуулийн өмнөх боловсрол 90.2, бага 96.7, суурь боловсролд 95-аас дээш хувьд хүргэн, боловсролын байгууллага ёс зүйн зөрчлөөс ангид байхыг эрхэмлэн, ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн багш, удирдах ажилтны мэргэжлийн ёс зүйн хэм хэмжээг чанд мөрдөж бүрэн дунд боловсролын 12 дугаар ангийн сургалтын цөм хөтөлбөрийг чанартай хэрэгжүүлэхийг чухалчилжээ. Түүнчлэн “Багшийн хөгжил”, “Сургалтын чанарыг ахиулах”, “Оюунлаг Алтай” хөтөлбөрүүдийн гүйцэтгэлд үнэлгээ хийж, үргэлжлүүлэн хэрэгжүүлж, судлагдахуун бүрийн сургалтын чанарыг ахиулахад дэмжлэг болохуйц “Алтай судлал” төвийг бий байгуулан, суурь судалгаануудыг хийж, судалгаа шинжилгээний ажлыг тогтмол зохион байгуулах бөгөөд сургуулийн өмнөх боловсролын байгууллага, ерөнхий боловсролын сургууль, дотуур байр болон тавиул хүүхдийн орчин дахь хүүхэд хамгааллын үйлчилгээг чанаржуулан, байгууллагуудын уялдаа холбоог сайжруулна хэмээн тусгасан байна.
Эдгээрээс гадна бага хурлын үеэр олонтаа дэвшүүлсэн санал болох олон нийтийн оролцоонд түшиглэсэн сургууль, цэцэрлэгийн орчныг хөгжүүлэх, Онцгой байдлын үед боловсролын байгууллагын бэлэн байдлыг хангах, гамшиг ослоос урьдчилан сэргийлэх сургуулийн гамшгийн менежментийг сайжруулах, 2019 онд ЭЕШ-ын үнэлгээг ахиулахад анхаарч, улсын дунджаас доогуур дүгнэгдсэн судлагдахуун тус бүрт чиглэсэн сайжруулах арга хэмжээг авах тухай онцлон энэхүү зорилтод багтсан хэмээн Говь-Алтай аймгийн Боловсрол, соёл урлагийн газраас олон нийтэд танилцуулав. Энэхүү зорилтыг орон нутгийнхаа салбарын багш бүрийг мөрдөн сургалт хүмүүжлийн ажлаа явуулахыг тус байгууллагаас анхаарууллаа.
Э.Нарангэрэл