Ачаалж байна…
Ачаалж байна…
Batkhuu Begz

Улаангом. 2026 оны арваннэгдүгээр сарын 23 /МОНЦАМЭ/. Аймгийн Нэгдсэн эмнэлгийн Хүүхдийн тасагт өнөөдрийн байдлаар 101 хүүхэд томуу, томуу төст өвчнөөр өвдөж, хэвтэн эмчлүүлж байна. Эдгээрээс хоёр нь Эрчимт эмчилгээний тасагт эмчлүүлж байна.
Энэ сарын 21-нд Хүүхдийн тасгийн хүлээн авахаар 110 хүүхэд үзүүлсэнээс нэг хүүхдийг яаралтай хэвтүүлж, 25 хүүхдэд эмчилгээ хийжээ. Харин өчигдөр 127 хүүхэд хүлээн авахаар очиход дөрвөн хүүхдийг яаралтайгаар хэвтүүлж, 24 хүүхдэд эмчилгээ хийсэн байна. Хүүхдийн тасгийн ачаалал нэмэгдэж, ор хүрэлцэхгүй байгаа тул нэмж өөр тасгуудад ор гарган хэвтүүлж эхэлжээ.
Томуу, томуу төст өвчний дэгдэлт нэмэгдэж, хэвтэлт ихсэж буйтай холбоотойгоор Өрхийн эрүүл мэндийн төвүүд ажлын өдрүүдэд 08:00-19:00 хүртэл, амралтын өдрүүдэд 11:00-16:00 хүртэл уртасгасан цагаар ажиллаж байгаа бөгөөд ачаалал ихтэй байна.
Аймгийн Эрүүл мэндийн газраас ард иргэдэд хандаж амны хаалт зүүх, гараа тогтмол савандаж угаах, хүн хоорондын зай баримтлах, олон нийт цугларсан газар бага насны хүүхдийг дагуулан явахгүй байх, гэртээ өрөө тасалгаандаа агаар сэлгэлт сайтар хийж 2 цаг тутамд нойтон цэвэрлэгээ хийх, илчлэг сайтай хоол хүнс хэрэглэж хүүхдийнхээ дархлааг дэмжихийг уриаллаа.