Ачаалж байна…
Ачаалж байна…
Batkhuu Begz

Улаангом. 2026 оны арваннэгдүгээр сарын 23 /МОНЦАМЭ/. “Соёлын бүтээлч сар-2026” аяны хүрээнд Монгол Улсын СГЗ, зохиолч, яруу найрагч, сэтгүүлч Бэлэгийн Норов өөрийн зохиосон “Миний маршал” шүлгээ аймгийн музейд өнөөдөр гардуулан өглөө.
Тэрбээр уг шүлгээ 2006 оны нэгдүгээр сарын 1-нд буюу Маршал Юмжаагийн Цэдэнбалын мэндэлсний 100 жилийн ойд зориулан бичжээ. Монголын төр, нийгэм, цэргийн нэрт зүтгэлтэн, Хөдөлмөрийн баатар, Монгол Улсын баатар, Маршал Ю.Цэдэнбалын дурсгалд зориулсан энэхүү бүтээл ийнхүү музейн сан хөмрөгт хадгалагдахаар боллоо.
Зохиолч Б.Норов 1938 оны наймдугаар сарын 20-нд Увс аймгийн Малчин суманд айлын ууган хүү болон төржээ. Тэрбээр аймгийнхаа Утга зохиолын нэгдлийг 40 гаруй жил удирдаж, 40 гаруй шавь төрүүлэн, 40 орчим ном туурвисан бөгөөд бүтээлүүд нь орос, англи, казах, тува хэлээр хэвлэгджээ. Утга зохиол, соёлын салбарт оруулсан хувь нэмрийг нь төр засгаас өндрөөр үнэлж, 2011 онд Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн цол хүртээсэн байна.
МИНИЙ МАРШАЛ
Гал луу жил, эзэн сүлдээ залж
Гашуун тавилант цагийн элгийг зөөллөж
Уул ус нь жигдэрсэн цэнхэр диваажинд
Утаа нэвэтрэсэн бор гэрийн хойморт
Нэгэн хөвгүүн мэндэлсэн тэр өдрийг
Нэхэн дурсахын гэгээн ерөөл урьж байна
Нэрийг нь хэлэхэд эцгийн царай
гэрэлтээд ирэх шиг ...
Нэхий эгэлдэрсэн монгол зураг намайг
ширтэх шиг ...
Түүхийг дуулуулж ирсэн
Залуу Цэдэнбал
Энэ 1940 он
Түмнийг уйлуулж буцсан
Маршал Цэдэнбал
1991 он
Дуурсахгүй бол
Түүхгүй болж эх дэлхийд элэглүүлэх
Дуулахгүй бол
Зүрхгүй болж энэ монголдоо чичлүүлэх
Хорьдугаар зууны
Монгол түүхээ би өмөөрнө
Хорьдугаар зууны
Монгол удирдагчаа бид өршөөнө
Хатуу зөөлний ирэн дээр
Дөчин дөрвөн жил улс монголоо босгосон
Хар цагааны дэнсэн дээр
Дөрөөг минь чангалж дэлхийн дэвжээнд мацуулсан
Эх орныхоо
Зовлонгоор зовж тэвчсэн
Эгэл олныхоо
Хайраар сэтгэлээ сүүлсэн
Миний маршал
Мянганы маршал
Төрсөн бууцан дээрээ
Тухлах завгүй элсэн
Төө зайгүй нөхдөө
Марталгүй эмтэрсэн
Ядарсан биеэ амраах орон гэргүй
Хатамжаар алдарсан
Ясаа тавих эх орноо
Санаж шаналсаар хальсан
Эмтэрч дурсагдах
Монгол маршал
Эвий л санагдах
Миний маршал
Улаангом, 2006.01.01, Б.Норов