Ачаалж байна…
Ачаалж байна…
Oyunaa B

Улаанбаатар, 2026 оны арваннэгдүгээр сарын 20 /МОНЦАМЭ/. Хүрэн баавгайг амьдаар нь барьж зөөвөрлөх зориулалттай 27 төхөөрөмж, мөн баавгай үргээгч 336 ширхэг цацлагыг улсын ТХГН-ийн хамгаалалтын 15 захиргаанд олгож эхэллээ.
Суурьшлын бүсэд хүрэн баавгай нэвтэрч, иргэдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд эрсдэл учруулахаас сэргийлж БОУАӨЯ хуулийн хүрээнд тодорхой арга хэмжээ авч байна. Эхний ээлжийн хэрэгслийг дуудлага, мэдээллийн судалгаанд үндэслэн хамгаалалтын захиргаадад хүлээлгэн өгч, үлдсэнийг нь нийлүүлэгч тал гэрээнд заасан хугацаанд 10-14 хоногт бүрэн нийлүүлэхийг тус яам мэдээлэв. Ингэснээр хүрэн баавгай суурьшлын бүсэд нэвтэрсэн үед мэргэжлийн байгууллагдын шуурхай хариу арга хэмжээ авах чадавхыг нэмж, иргэдийн аюулгүй байдлыг хамгаалахад дөхөм болох юм.
УОК, БОУАӨЯ, Экологийн цагдаагийн албаны мэдээллээр улсын хэмжээнд энэ намар хүрэн баавгай суурьшлын бүсэд үзэгдсэн, нэвтэрсэн 900 гаруй тохиолдол бүртгэгдсэн. Тухайлбал, ТХГН-т 257, Сэлэнгэ аймагт 109, Төв аймагт 21, Улаанбаатарт 14 удаагийн дуудлага иржээ. Бүртгэгдсэн тохиолдлын 80 гаруй хувь нь бамбарууш болон бамбаруушаа дагуулсан эвш байсан бол өнгөрсөн сарын сүүлээс нас бие гүйцсэн баавгай суурьшлын бүсэд ойртох нь нэмэгджээ. Үүнээс 40 орчим тохиолдолд баавгай айлын гэр, хашаа хороо, авто машиныг эвдэж, мал, нохой барих зэргээр хохирол учруулсан бол нийслэлийн Баянзүрх дүүрэгт баавгай шөнө айл руу дайрч нэг иргэнийг хүнд гэмтээж, нэг иргэн амиа алдсан харамсалтай хэрэг гарсан билээ.
Иймд Засгийн газраас унтуулгын буу, бусад шаардлагатай тоног төхөөрөмжид зориулж нэг тэрбум 88 сая төгрөгийн санхүүжилт шийдсэн бөгөөд улсын хэмжээнд өнгөрсөн сарын 23-ны байдлаар 48 хүрэн баавгайг агнаж аюулгүй болгосон юм.
Судлаачдын тайлбарласнаар энэ намар ойн бүсэд хуш модны самар, жимс зэрэг байгалийн идэш тэжээлийн ургац тааруу байсан нь баавгай ичээндээ орохын өмнө өөх тос хуримтлуулах зорилгоор уулнаас бууж, айлын хашаа, хогийн цэг, малын бэлчээр лүү татагдах шалтгаан болсон гэжээ.