Ачаалж байна…
Ачаалж байна…
Munkhzul Batsukh

Улаанбаатар, 2026 оны арваннэгдүгээр сарын 20 /МОНЦАМЭ/. Жил бүрийн арваннэгдүгээр сарын 20-нд Дэлхийн хүүхдийн өдөр тохиодог билээ.
Энэ нь НҮБ-ын Хүүхдийн эрхийн конвенцыг баталсан өдөр бөгөөд 2017 оноос эхлэн Дэлхийн хүүхдийн өдөр болгон тэмдэглэж байхаар НҮБ-ын Хүүхдийн сангаас уриалсны дагуу дэлхийн 130 гаруй орон нэгджээ. Энэ өдөр хүүхдүүд өөрсдөд нь тулгамдсан асуудлаар томчуудад дуу хоолойгоо өрргөдөг бөгөөд томчууд хүүхдүүдээ сонсож, тэдний төлөө “За” гэж хэлэх өдөр юм. Энэ өдөр дэлхийн улс орнууд хүүхдийн дуу хоолойг сонсох өндөр хэмжээний үйл ажиллагаа, санал санаачилгууд өрнөдөг байна.
Монгол дахь НҮБ-ын Хүүхдийн сангаас Дэлхийн хүүхдийн өдрийг тэмдэглэх хүрээнд Монголын хүүхэд багачуудын эрүүл мэндэд заналхийлж буй агаарын бохирдлын асуудалд дахин олон нийтийн анхаарлыг хандуулахыг зорьж байгаа аж. Хүүхэд эхийн хэвлийд дөнгөж бүрэлдсэн мөчөөс эхлэн утаагаар хордож эхэлдгийг дэлхийн олон судалгаа нотолж байна. Агаарын бохирдлоос болж ээжүүд дутуу төрөх, үр зулбах эрсдэлд орж байгаа бөгөөд Монгол Улсад зуны улиралтай харьцуулахад өвөл дутуу төрөлт, үр зулбалт тав дахин нэмэгдсэн гэх судалгаа бий. Түүнчлэн өвлийн улиралд томуу, томуу төст өвчний шинж тэмдэг зургаа дахин нэмэгддэг. Мөн бронхит болон астма хүүхдүүдийн дунд нэмэгдэж байгаа нь тэдний сурах, хөгжих боломжийг хязгаарлахад хүргэж байна.
Үүгээр зогсохгүй утаа нь эхийн хэвлийд байгаа хүүхдийн тархины хөгжилд нөлөөлж, яваандаа сэтгэцийн болон зан төлөвийн өөрчлөлтөд оруулах эрсдэлтэйг олон улсын эрдэмтэд сүүлийн үед нотолсоор байгаа юм. Тиймээс агаарын бохирдлоос хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах, түүнээс урьдчилан сэргийлэхэд хүн бүрийн оролцоо чухлыг НҮБ-ын Хүүхдийн сангаас энэ өдөр онцолжээ.