Ачаалж байна…
Ачаалж байна…
Чойжамц Отгонцэцэг

Сүхбаатар, 2026 оны арваннэгдүгээр сарын 19 /МОНЦАМЭ/. Сэлэнгэ нутгаас төрөн гарсан авьяас билигт уран бүтээлч, Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн Мижидийн Бүтэмжийг “Монгол бахархал – Түүхэн хүмүүн” цувралынхаа энэ удаагийн дугаарт онцлон танилцуулж байна.
М.Бүтэмж 1942 оны есдүгээр сарын 27-нд Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутагт малчин ард Пунцагийн ууган хүү болон мэндэлжээ. Тэрээр өвөг эцэг Мижидийн асрамжид өсөж, бага наснаасаа монгол ахуй, уламжлалт амьдралын орчинд хүмүүжсэн байна.
Тэрээр 1952-1961 онд нийслэлийн хоёрдугаар дунд сургуульд суралцаж, улмаар 1961-1968 онд тухайн үеийн Чехословак улсын нийслэл Прага хотын Урлаг, үйлдвэрлэлийн дээд сургуульд суралцан зураач мэргэжил эзэмшжээ. Ийнхүү Европын урлагийн боловсрол, уран зургийн арга барилыг үндэсний сэтгэлгээ, монгол ахуйтай хослуулсан нь түүний уран бүтээлийн онцлог болсон юм.
М.Бүтэмжийн уран бүтээлүүдээс монголчуудын нүүдэлчин ахуй, байгаль дэлхий, малчин түмний амьдрал, үндэсний өв соёл тодхон харагддаг. Түүний “Хот айл” зураг 1976 онд Болгар улсын Софи хотод зохион байгуулсан олон улсын үзэсгэлэнгээс тэргүүн байр хүртсэн нь Монголын дүрслэх урлагийг олон улсад таниулсан томоохон амжилтын нэг байв.
Мөн “Мянган адууны баяр”, “Ботгон цагаан үүлс” зэрэг бүтээл нь түүний уран бүтээлийн өвөрмөц өнгө төрх, сэтгэлгээний илэрхийлэл болж, Монголын дүрслэх урлагийн үнэт бүтээлүүдийн тоонд зүй ёсоор багтдаг.
Монголын дүрслэх урлагийн хөгжилд өөрийн авьяас билэг, хөдөлмөр бүтээлээр үнэтэй хувь нэмэр оруулсан Мижидийн Бүтэмж нь үндэсний ахуй, байгаль, түүх соёлоо уран зургийн хэлээр мөнхөлсөн уран бүтээлч юм.
Сэлэнгэ нутгийнхаа нэрийг урлагийн ертөнцөд дуурсгаж, Монголын дүрслэх урлагийн түүхэнд өөрийн тод мөрийг үлдээсэн эрхэм уран бүтээлчээр бахархаж байна.