Ачаалж байна…
Ачаалж байна…
Дэлгэрцэцэг Дээгий

Даланзадгад, 2026 оны арваннэгдүгээр сарын 20 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор энэ сарын 16, 17-нд зохион байгуулсан Монгол хэлний багш нарын улсын анхдугаар зөвлөгөөнд Өмнөговь аймгаас 14 багш, ахлах арга зүйч нар оролцлоо.
“Эх хэл-Нэг Монгол” уриан дор болсон тус зөвлөгөөнөөр төрөөс хэлний талаар баримталж буй бодлогын хэрэгжилт, эх хэлний боловсролын өнөөгийн нөхцөл байдал, тулгамдаж буй асуудлыг хэлэлцэж, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал солилцов.
Өмнөговь аймгийн багш, боловсролын салбарын мэргэжилтнүүд зургаан салбар хуралдаанд хамрагдаж, өөрсдийн туршлага, санал бодлоо хуваалцсан байна.
Тухайлбал, “Сургалтын хөтөлбөр, сурах бичиг” сэдэвт нэгдүгээр салбар хуралдаанд Боловсролын газрын Монгол хэлний боловсрол хариуцсан ахлах арга зүйч Ч.Баттогтох, Даланзадгад сумын I цэцэрлэгийн бүлгийн багш Х.Наранцэцэг, Ханбогд сумын Ерөнхий боловсролын II сургуулийн Монгол хэл, уран зохиолын багш С.Отгонтуяа нар оролцжээ.
Харин “Монгол хэл, уран зохиолын багш бэлтгэх тогтолцоо ба багшийн хөгжил” сэдэвт хоёрдугаар салбар хуралдаанд Даланзадгад сумын Ерөнхий боловсролын II сургуулийн багш А.Тунгалагтамир, III сургуулийн багш О.Гангамөрөн, Насан туршийн суралцахуйн төвийн НА Г.Насанжаргал нар оролцсон байна.
“Сургалтад ашиглах технологи ба контент” сэдэвт гуравдугаар салбар хуралдаанд Даланзадгад сумын Ерөнхий боловсролын I сургуулийн багш Д.Тунгалагтамир, ШУТИС-ийн Өмнөговь аймаг дахь Технологийн дээд сургуулийн харьяа Политехникийн коллежийн багш Б.Ууганбуд нар оролцов.
Дөрөвдүгээр салбар хуралдаан болох “Хэл шинжлэл, утга зохиолын судалгааны үр дүнг сургалтад ашиглах нь” сэдвийн хүрээнд ШУТИС-ийн Өмнөговь аймаг дахь Технологийн дээд сургуулийн багш Б.Хулан, Даланзадгад сумын Ерөнхий боловсролын I сургуулийн бага ангийн багш Ү.Надмид нар санал бодлоо солилцжээ.
Мөн “Хүүхдийн уран зохиол, ном унших дадал, орчны нөлөө” сэдэвт тавдугаар салбар хуралдаанд Сэврэй сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирал Ц.Бүддорж, Даланзадгад сумын Ерөнхий боловсролын I сургуулийн бага ангийн багш Ц.Оюунсүрэн, “Эх хэлний боловсрол: уншиж ойлгох чадвар” сэдэвт зургаадугаар салбар хуралдаанд Манлай сумын Ерөнхий боловсролын сургуулийн багш Т.Нансалмаа, Даланзадгад сумын Ерөнхий боловсролын III сургуулийн бага ангийн багш Г.Энхцэцэг нар тус тус оролцсон байна.
Зөвлөгөөнд оролцсон багш, мэргэжилтнүүд хурлын үеэр олж авсан мэдлэг, туршлагаа сургалтын үйл ажиллагаандаа нэвтрүүлж, хамт олондоо түгээн дэлгэрүүлэхээр зорьж байна.