Ачаалж байна…
Ачаалж байна…
Б Батчимэг

Арвайхээр, 2026 оны арваннэгдүгээр сарын 20 /МОНЦАМЭ/. Хархорум хотын Захирагчийн ажлын алба, аймгийн СУАЖЗГ-аас “Эртний нийслэл-Дэлхийн өв – Хархорум хот” эссэ бичлэгийн уралдааныг улсын хэмжээнд зарлаж байна.
Орхоны хөндий нь эртний төрт улс болох Хүннү /МЭӨ 209-МЭ 93/ гүрний Луут хотоос эхлэн Жужан /МЭ 330-555 он/-ны Мумо хот, Уйгур /МЭ745-840/-ын Хар балгас, Түрэгийн үеийн хаад, ноёдын тахилын онгон, Их Монгол улс /1220 он/-ын Хархорум хот зэрэг нийслэл хотоо байгуулж байсан манай улсын түүх, соёл, төрт ёсны голомт нутаг юм.
Эзэн Чингис хаан их ор суусны XV он, цагаан луу жил буюу 1220 онд Их Монгол Улсын нийслэл Хархорум хотыг байгуулах болсон талаар гэрэлт хөшөөнд тэмдэглэн үлдээж, Өгэдэй хаан Хархорум хотыг цогцлоон хөгжүүлэх үйл хэргийг үргэлжлүүлэн Гүюг, Мөнх хааны үед хотын суу алдар дэлхий даяар түгэн мандсан түүхтэй.
Хархорум хот нь “Энх тайвны бэлгэ тэмдэг” хот байсан бөгөөд Ислам, Христ, Будда зэрэг олон шашны урсгалыг хүлээн зөвшөөрсөн, эрдэмтэн мэргэд, уран бүтээлчид, гар урчууд, худалдаачид, хаад язгууртны элч төлөөлөгчид зорин ирдэг дэлхийн улс төр, эдийн засаг, соёл иргэншлийн төв байсныг түүхэн эх сурвалжуудад тэмдэглэн үлджээ.
“Хархорум хотыг сэргээн байгуулах тухай” Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2022 оны 230 дугаар зарлиг, Орхоны хөндийд "Шинэ Хархорум" хот байгуулах тухай Улсын Их хурлын 2023 оны 07 дугаар тогтоол, Хархорум хотын төлөвлөлт, бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуулийн хүрээнд шинэ хот байгуулахад шаардлагатай суурь судалгаа, ТЭЗҮ, зураг төслийг боловсруулж бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлээд байна.
Иймд Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн ойг тохиолдуулан эртний нийслэл Хархорум хотын түүхэн үнэ цэнэ, ач холбогдлыг танин мэдсэнээр ирээдүйн шинэ хотын төлөвлөлт, бүтээн байгуулалтад залуу хойч үеийн үзэл бодол, оролцоог дэмжих шаардлагатай хэмээн үзэж, ерөнхий боловсролын сургуулийн 10–12 дугаар ангийн сурагчдын дунд дээрх уралдааныг зарлаж байгаа юм.
Уралдааны сэдэв нь:
Хархорум – Монголын эзэнт гүрний их нийслэл
Хархорум хот ба дэлхийн түүхэн дэх Монголын эзэнт гүрний байр суурь
Хархорум – Дундад зууны дэлхийн соёл иргэншлийн уулзвар
Хархорум хотын хөгжил, худалдаа, шашин, соёлын харилцаа
Хархорумын түүхэн өв ба өнөөгийн үнэ цэнэ
Хархорумыг дэлхийн соёлын өв болгон сурталчлах нь
Хархорум – Монголчуудын түүхэн бахархал, ирээдүйн өв гэх агуулгын хүрээнд байх ба бүтээлийг 12 сарын 15 хүртэлх хугацаанд uvsoyol@ov.gov.mn хаягаар хүлээн авах аж.