Ачаалж байна…
Ачаалж байна…
Montsame News Agency

Баян-Өндөр, 2026 оны арваннэгдүгээр сарын 16 /МОНЦАМЭ/. Орхон аймгийн мал аж ахуйн салбарын 2026-2027 оны өвөлжилтийн бэлтгэл 96.9 хувьтай байна. Малчид хадлан, тэжээлээ бүрэн бэлтгэж, аймаг, сумдын аюулгүйн нөөцийг бүрдүүлжээ.
Баян-Өндөр, Жаргалант сумын 29 багт 1156 малчин өрх нийт 165 мянган толгой мал маллаж байна. Үүнээс 408 өрхийн 59.3 мянган мал хөрш аймаг, сумдын нутагт, 37 өрхийн 6.7 мянган мал аймгийн бусад суманд өвөлжиж, хаваржина.
Аймгийн хэмжээнд малчид 19.1 мянган тонн байгалийн хадлан бэлтгэх төлөвлөгөөгөө 100 хувь биелүүлсэн байна. Мөн 150 тонн сүрэл, 450 тонн үйлдвэрийн тэжээл, 900 тонн ногоон тэжээл, 100 тонн гар тэжээл, 229 тонн дарш, ногооны хаягдал, 460 тонн хужир, шүү бэлтгэжээ.
Харин аймаг, сумдын аюулгүйн нөөцөд орон нутгийн төсвийн 346.8 сая төгрөгөөр 225 тонн өвс, 154 тонн тэжээл нөөцөлсөн байна. Үүнээс аймгийн нөөцөд 50 тонн өвс, 52.5 тонн тэжээл, Баян-Өндөр суманд 130 тонн өвс, 62.5 тонн тэжээл, Жаргалант суманд 45 тонн өвс, 39 тонн тэжээл бэлтгэжээ.
Энэ жил бэлчээрийн ургамлын нэг га-гийн дундаж ургац долоон центнерт хүрсэн нь өмнөх оныхоос 2.6 центнерээр нэмэгдсэн байна. Зуншлага, намаржилт сайн байснаар мал тарга хүчээ авч, хадлан бэлтгэх нөхцөл бүрджээ.
Мөн Хөдөө аж ахуйн их сургуультай хамтран 180 малчин, эрчимжсэн мал аж ахуй эрхлэгчид өвөлжөө, хаваржааны бууцны хөлд ногоон тэжээл тариалах сургалт явуулж, 215.2 сая төгрөгийн тэжээлийн ургамлын үр, хашаа олгожээ. Үүний үр дүнд 126 га талбайд ногоон тэжээл тариалж, 378 тонн ургац хураан авсан нь өмнөх оныхоос 158 тонноор буюу 71.8 хувиар нэмэгдсэн талаар аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газраас мэдээллээ.