Ачаалж байна…
Ачаалж байна…
Montsame News Agency

Мөрөн, 2026 оны арваннэгдүгээр сарын 16 /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Хатгал суманд жил бүр зохион байгуулдаг “Хөх сувд” мөсний баярыг ирэх оны хоёрдугаар сарын 27-ноос гуравдугаар сарын 3-ныг хүртэл таван өдөр зохион байгуулахаар товложээ.
Баярыг амралтын өдрүүдэд зохион байгуулснаар жуулчдын оролцоог нэмэгдүүлж, орон нутгийн иргэдэд орлого олох боломж бүрдэнэ. Мөн Монголын өвлийн аялал жуулчлалыг гадаад, дотоодын жуулчдад сурталчлах ач холбогдолтой гэж Хөвсгөл аймгийн Соёл, урлаг, аялал жуулчлал, залуучуудын газрын ахлах мэргэжилтэн Д.Дуламсүрэн ярилаа.
“Хөх сувд” мөсний баяр анх 2000 онд Хөвсгөл нуурыг хамгаалах, өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор байгаль орчны байцаагч Д.Лхагвацогт, Ж.Төмөрсүх нарын санаачилгаар Сантын өвөр гэдэг газарт болжээ. Тухайн үед нутгийн иргэд оролцож, арав гаруй чаргатай морины уралдаан зохион байгуулсан байна.
Харин 2001 оноос жил бүр уламжлал болгон зохион байгуулж, цар хүрээгээ тэлсээр өдгөө Монголын өвлийн аялал жуулчлалын томоохон баяруудын нэг болжээ. Жил бүр 20 мянга гаруй хүн оролцдог бөгөөд Япон, БНСУ, Герман, АНУ зэрэг улсаас жуулчид зорин ирж байна.
Баярын үеэр мөсөн шагай, унадаг дугуй, тэшүүрийн уралдаан, нохой чарганы уралдаан, мөсөн дээрх олс таталт, буухиа тэмцээн зэрэг спортын тэмцээн зохион байгуулна. Мөн мото спортын үзүүлбэр, “Аав, ээж, би” тэмцээн, тахтай хатирч морьдын уралдаан болохоос гадна аймгийн Хөгжимт драмын театрын уран бүтээлчид тоглолтоо толилуулж, бөөгийн тахилга, зан үйл үйлддэг уламжлалтай.