Ачаалж байна…
Ачаалж байна…
Б Батчимэг

Арвайхээр, 2026 оны арваннэгдүгээр сарын 20 /МОНЦАМЭ/. Намайг М.Бат-Эрдэнэ гэдэг. Би Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын лаборатори “Мэргэд” сургуулийн 5 дугаар ангид сурдаг.
Би ном унших дуртай. Анх аав ээжээрээ “Улаан малгайт” үлгэрийг уншуулж, номын сонирхолтой ертөнцтэй танилцсан. Харин миний өөрөө уншсан анхны ном бол “Гурван тооройн үлгэр” юм.
Энэ үлгэрт гурван тоорой өөр өөр материалаар байшин барьдаг. Эхний тоорой өвсөөр байшин барьсан нь амархан боловч салхинд хийсэж, чонын үлээлтэд нурдаг. Хоёр дахь модоор байшин барьсан нь арай бат бөх ч чонын хүчтэй үлээлтэд бас нурна. Харин гурав дахь тоорой тоосгоор байшин барьсан учраас чоно нурааж чаддаггүй. Түүний байшинд ах, дүү хоёр тоорой орж, бүгд чононоос амьд үлддэг.
Энэ үлгэрээс би аливаа зүйлийг хийхдээ залхууралгүй, хичээнгүй сайн хийж гүйцэтгэх хэрэгтэйг ойлгосон. Хийсэн зүйл маань өөрт минь ач тустай байдаг юм байна. Тиймээс би “Тоо бодвол толгой сэргэнэ” гэдэг шиг “Ном уншвал ухаан тэлнэ” гэж хэлмээр байна.
Би бас шүлэг бичих дуртай. Өөрийгөө сорьж уралдаанд оролцож, тэргүүн болон дэд байр эзэлж байсан. Аав, ээж хоёр минь намайг үргэлж дэмждэг. Хайж байгаа ном маань олдохгүй байсан ч хот руу захиалж авч өгдөг. Тэднийхээ дэмжлэгт би их баярладаг учраас улам их ном уншиж, өөрийгөө хөгжүүлэхийг хүсдэг.
Би ном унших тусам шинэ зүйл мэдэж, олон сонирхолтой ертөнцтэй танилцдаг. Зарим ном намайг инээлгэж, зарим нь бодолд оруулж, зарим нь илүү сайн хүн болоход урам өгдөг. Номоос сурсан зүйлээ амьдралдаа хэрэгжүүлж, өөрөө ч бас бусдад хэрэгтэй, зөв үлгэр дуурайлалтай хүн болохыг хүсдэг.
Миний бодлоор ном их унших хэрэгтэй. Номоос олон зүйл сурч, мэдэж, мөрөөдөлдөө хүрэхэд тусална гэж боддог.