Ачаалж байна…
Ачаалж байна…
Цогзолмаа Г

Улаанбаатар, 2026 оны арваннэгдүгээр сарын 20 /МОНЦАМЭ/. Австрийн домогт Сиси хатан хааны ордон хэмээн монголчуудын сайн мэдэх, Вена хотын алдарт Шёнбрунн ордны сонгодог хөгжмийн чуулга Монгол Улсад анх удаа хүрэлцэн ирж, Венийн сонгодог хөгжмийн гайхамшгийг Улаанбаатарын үзэгчдэд толилуулах гэж байна.
Суут хөгжмийн зохиолч Вольфганг Амадей Моцарт 1786 онд Австрийн эзэн хаан II Иосефын хүсэлтээр Антонио Сальеритай хөгжмийн уралдаанд оролцож байсан газар нь Шёнбрунн ордны Оранжери танхим юм. 1754 онд баригдсан энэхүү түүхэн танхим эзэн хааны ёслол, хүлээн авалтын орчин байсаар иржээ.
1997 онд байгуулагдсан Шёнбрунн ордны найрал хөгжим энэ онд 10 мянга дахь тоглолтынхоо босгыг давах гэж буй нь тус ордны хөгжмийн уламжлалын цар хүрээг илтгэнэ. Харин энэ удаа Монголд Шёнбрунн ордны камер чуулгын хөгжимчид хүрэлцэн ирэх ажээ.
Арванхоёрдугаар сарын 2, 3-ны үдэш болох Венийн гала концертоор Штраусын “Үзэсгэлэнт хөх Дунай”, “Хаврын дуу хоолой”, “Өмнөд нутгийн сарнай”, Легарын “Алт ба мөнгө” вальс болон “Радецкийн марш” зэрэг сонгодог хөгжмийн алдарт бүтээл эгшиглэнэ.
Түүнчлэн Венийн сонгодог хөгжим Монголын үндэсний язгуур урлагтай нэгэн тайзнаа тоглох хэсэг тоглолтын хамгийн онцгой үзүүлбэр болно. Австрийн Шёнбрунн ордны чуулга “Түмэн эх” чуулгатай хамтран, хоёр орны хөгжмийн уламжлалыг хослуулсан бүтээлүүдийг толилуулахаар төлөвлөжээ.
Монгол дахь Австрид төгсөгчдийн “Эрдэм” холбооноос зохион байгуулж буй энэхүү үйл ажиллагаа нь “Хил хязгааргүй хөгжим” санаачилгын хүрээнд тасалбарын орлогын тодорхой хэсгийг Монголын залуу уран бүтээлчдийг дэмжих зорилгоор мэргэжлийн мастер класс сургалтад зориулах юм байна.
“Венийн гала концерт” 2026 оны 12 дугаар сарын 2, 3-ны өдрүүдэд 19:00 цагаас Улаанбаатар хотын Үндэсний соёл амралтын хүрээлэн дэх “Түмэн эх өргөө”-нд болно. Үзэгчдийг 18:30 цагаас Австрийн уламжлалт шарсан каштан самар, дарсаар угтах ажээ.