Ачаалж байна…
Ачаалж байна…
Montsame News Agency

Булган, 2026 оны арваннэгдүгээр сарын 16 /МОНЦАМЭ/. Булган аймгийн Баяннуур сумын малчид БНХАУ-ын ӨМӨЗО-ы Шилийн гол аймгийн Зүүн Сөнөд хошуунд ажиллаж, малын ашиг шимийг нэмэгдүүлэх, мал аж ахуйн үйлдвэрлэлийг хөгжүүлэх чиглэлээр туршлага судалжээ.
Тус сумын таван малчин, хүнс, жижиг, дунд үйлдвэрлэл, хоршооны асуудал хариуцсан мэргэжилтэн гэсэн зургаан хүний бүрэлдэхүүнтэй баг хөрш орны мал аж ахуйн үйлдвэрлэл, боловсруулах үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцсан байна.
Мах, сүүний чиглэлийн үхрийн фермүүдээр орж, малын тэжээл, маллагааны арга барил, фермийн зохион байгуулалт, ашиг шимийг нэмэгдүүлэх технологийн талаар судалжээ. Түүнчлэн сүү, цагаан идээ, мах боловсруулах үйлдвэр, цехүүдийн үйл ажиллагаатай танилцаж, түүхий эдийг хүлээн авахаас эхлээд бэлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүртэлх үе шаттай танилцсан байна.
Мөн “Түмний эх” цэвэр цусны адууны үржлийн цогцолборт очиж, адууны үүлдэр угсааг сайжруулах, үржүүлэг, селекцийн чиглэлээр хэрэгжүүлж буй арга туршлагаас суралцжээ.
Баяннуур сумын Засаг даргын Тамгын газраас зохион байгуулсан уг туршлага судлах ажлын гол зорилго нь малчдын мэдлэг, ур чадварыг дээшлүүлэхийн зэрэгцээ мал аж ахуйн үйлдвэрлэлийг төрөлжүүлэх, малын ашиг шимийг нэмэгдүүлэх, сүү, мах боловсруулах үйлдвэрлэлийг орон нутагт хөгжүүлэх боломжийг судлахад чиглэжээ.