Ачаалж байна…
Ачаалж байна…
Bulgan Erdene

Сайншанд, 2026 оны арваннэгдүгээр сарын 23 /МОНЦАМЭ/. “Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит шилжин явах цом–2026” үндэсний шагайн харвааны дөрөв дэх удаагийн тэмцээн өнгөрсөн амралтын өдрүүдэд Улаанбаатар хотноо боллоо.
Энэхүү тэмцээнд нийт 101 багийн тамирчид хоёр өдрийн турш ур чадвар, най нийлсэн уухайн түрлэг дор өрсөлдөж шилдгүүдээ тодруулсан байна. Тэмцээний насанд хүрэгчдийн ангилалд Өмнөговь аймгийн Ханбогд сумын харьяат, Монголын Үндэсний шагайн холбооны тэргүүн дэд ерөнхийлөгч, Монгол Улсын гарамгай мэргэн, спортын мастер С.Бат-Эрдэнэ ахлагчтай “Галбын зам” ХХК-ийн баг тэргүүлж шилжин явах цомын эзэн боллоо.
Харин Дорноговь аймгийн Хөвсгөл сумын харьяат, Монголын Үндэсний шагайн холбооны тэргүүлэгч, Монгол Улсын үлэмж дархан мэргэн, спортын мастер Б.Баттулга ахлагчтай “Хилчин” Спорт хороо, “Номт даншиг, Хэттрик групп”-ийн баг дэд байрт шалгарчээ. Гутгаар байрт Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын харьяат, аймгийн гоц мэргэн Ц.Нямхүү ахлагчтай “Өрлөг” баг шалгарав.
Ташрамд, “Номт даншиг Хетрик групп”-ийн баг өмнө нь үндэсний их баяр наадмын шагайн харваанд түрүүлж байснаас гадна 2024 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит үндэсний шагайн харвааны “Шилжин явах цом”-ын төлөөх хоёр дахь удаагийн тэмцээнд түрүүлснээр тус баг Монголын шагайн харвааны холбооноос зохион байгуулдаг хуваарьт багтсан өндөр чансаатай бүх томоохон тэмцээнд тэргүүлсэн амжилтыг үзүүлж байв.