Ачаалж байна…
Ачаалж байна…
Montsame2026 Montsame2026

Мөрөн, 2026 оны арваннэгдүгээр сарын 23 /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймагт Хүнс, хөдөө аж ахуйн газрын шинэ барилга ашиглалтад орлоо.
Тус барилга нь 50 кВт-ын хүчин чадалтай нарны панель суурилуулж, цахилгаан эрчим хүчний хэрэгцээг шийдвэрлэсний зэрэгцээ дээвэр дээрээ өвлийн хүлэмж байрлуулсан байна.
Тодруулбал, цахилгаан эрчим хүчний хэрэглээг сэргээгдэх эрчим хүч болон төвийн цахилгаан хангамжийн нэгдсэн сүлжээг хослуулан шийдвэрлэсэн бөгөөд барилгын дээвэрт дөрвөн улирлын турш ашиглах боломжтой хүлэмж байгуулж, эрчим хүчний хэмнэлт, байгальд ээлтэй шийдлийг нэвтрүүлснээрээ онцлог юм.
Улсын төсвийн 3.0 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар баригдсан тус барилга нь малчид, тариаланчид, үйлдвэрлэгчдэд хүрэх төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх ач холбогдолтой юм.
Ийнхүү эрчим хүчний хэмнэлттэй, орчин үеийн шийдэл бүхий шинэ барилга ашиглалтад орсноор салбарын төрийн үйлчилгээний орчин нөхцөл нэг шат ахиж, албан хаагчдын ажиллах орчин, нөхцөл сайжирч, ая тухтай, орчинд ажиллах боломж бүрдэж, иргэд, малчид, тариаланчид, хүнс үйлдвэрлэгчдэд төрийн үйлчилгээг шуурхай, хүртээмжтэй хүргэх орчин бүрдэж байна.
Барилгын ажлыг “Их үен” ХХК гүйцэтгэсэн байна.
Тус барилгын нээлтийн үйл ажиллагаанд УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Л.Мөнхбаатар, аймаг, орон нутгийн удирдлагууд болон хөдөө аж ахуйн салбарын төлөөллүүд оролцлоо.