Ачаалж байна…
Ачаалж байна…
Montsame News Agency

Улиастай, 2026 оны арваннэгдүгээр сарын 16 /МОНЦАМЭ/. Завхан аймаг ирэх оноос хүсэлт гаргасан ерөнхий боловсролын сургуулиудад нарны цахилгаан үүсгүүр суурилуулж, эрчим хүчний зардлыг бууруулах ажлыг эхлүүлэхээр боллоо.
Энэ хүрээнд аймгийн Засаг дарга Г.Өнөрбаяр НҮБ-ын Хүүхдийн сангийн Монгол дахь Суурин төлөөлөгчтэй уулзаж, “Ногоон сургууль” санаачилгын хүрээнд хамтран ажиллах харилцан ойлголцлын санамж бичиг байгуулжээ.
Уулзалтаар Завхан аймгийн хүсэлт гаргасан сургуулиудыг нарны эрчим хүчний эх үүсвэрээр хангах, цахилгааны зардлыг бууруулах, сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг нэмэгдүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцсон байна.
Улмаар 2027 оноос эхлэн нарны цахилгаан үүсгүүр суурилуулах ажлыг үе шаттай хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.
“Ногоон сургууль” санаачилга нь зөвхөн сэргээгдэх эрчим хүч ашиглахаас гадна сургуулийн орчны эрүүл ахуй, агаарын чанар, ус, ариун цэврийн үйлчилгээ, хүүхдийн аюулгүй байдал, ногоон байгууламжийг цогцоор нь сайжруулах зорилготой юм.
Монгол Улсын Засгийн газар 2026 оны наймдугаар сарын 19-ний хуралдаанаар “Ногоон, ухаалаг, эрүүл, аюулгүй сургууль”-ийн үндэсний загвар төслийг хэрэгжүүлэхээр шийдвэрлэж, 2027 онд сэргээгдэх эрчим хүчээр ажиллах 100 сургуулийг бий болгох зорилт дэвшүүлсэн.
Харин наймдугаар сарын 21-нд Ерөнхий сайд Н.Учрал НҮБ-ын Хүүхдийн сангийн Монгол дахь Суурин төлөөлөгч Биате Дастелтай уулзаж, улсын хэмжээнд 200 сургуулийг ухаалаг, ногоон болгох чиглэлээр хамтран ажиллах санал солилцсон юм.
Завхан аймгийн хувьд Улиастай сумын Жавхлант цогцолбор сургууль зэрэг сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг нэвтрүүлж буй сургуулиудын туршлагыг түгээн дэлгэрүүлэх нь орон нутгийн боловсролын байгууллагуудын эрчим хүчний хэрэглээ, ашиглалтын зардлыг бууруулахад чухал ач холбогдолтой.
Ийнхүү Завхан аймаг “Ногоон сургууль” санаачилгад нэгдсэнээр боловсролын байгууллагуудын эрчим хүчний хэмнэлтийг нэмэгдүүлэх, байгальд ээлтэй сургалтын орчин бүрдүүлэх ажлыг олон улсын байгууллагын хамтын ажиллагаатайгаар өргөжүүлэх боломж бүрдэж байгаа талаар Завхан аймгийн ЗДТГ-аас мэдээллээ.