Ачаалж байна…
Ачаалж байна…
Мөнхзул Батбаяр

Баянхонгор, 2026 оны арваннэгдүгээр сарын 19 /МОНЦАМЭ/. Сургууль, цэцэрлэгт суурилсан 3, 6, 11, 15 насны хүүхдийн эрт илрүүлгийн үзлэгийн явц 96.9 хувьтайгаар Баянхонгор аймаг улсад тэргүүлж байна.
Энэ сарын 18-ны байдлаар Гурванбулаг ЭМТ эрт илрүүлгийг бүрэн хийж дууссан бол Бөмбөгөр, Баян-Овоо, Галуут, Өлзийт, Шинэжинст, Баянговь, Баянцагаан сумын ЭМТ-үүд, Оточмандал, Наранмандал, Оточномгон, Энхбүрд ӨЭМТ-үүд 95 хувиас дээш гүйцэтгэлтэй байгаа юм.
Монгол Улсын Засгийн газрын шийдвэрийн дагуу Эрүүл мэндийн яам, Боловсролын яам хамтран хэрэгжүүлж буй энэхүү үзлэг энэ оны аравдугаар сарын 1-нд эхэлсэн бөгөөд 12 дугаар сарын 1-ний өдөр хүртэл үргэлжилнэ. Эрт илрүүлгийг 3, 6, 11, 15 насны хүүхдийн нас, хөгжлийн онцлогт тохируулан зохион байгуулж байна.
Эрт илрүүлгийн хүрээнд хүүхдийн өсөлт, хөгжил, биеийн ерөнхий эрүүл мэнд, хараа зэрэг үндсэн үзүүлэлтийг үнэлэхээс гадна тухайн насанд түгээмэл тохиолдож болох эрсдэл, өөрчлөлтийг илрүүлэх тусгай үнэлгээг хийж буй. Тухайлбал: 3 настай хүүхдэд Хүүхдийн хөгжил болон аутизмын хүрээний эмгэгийн эрсдэлийг үнэлж байгаа бол 6 настай хүүхдэд Зүрхний цахилгаан бичлэг хийж, зүрхний эмгэгийн эрсдэлийг, 11 настай хүүхдэд Нурууны муруйлт, хавтгай тавхай зэрэг өсөлт, хөгжлийн үеийн өөрчлөлтийг, 15 настай хүүхдэд Сэтгэл зүй болон бэлгийн бойжилтын хөгжлийг үнэлэх асуумжид хамруулж байгаа аж. Ийнхүү хүүхдийн нас, хөгжлийн онцлогт тохирсон үзлэг, үнэлгээг хийснээр эрүүл мэндийн эрсдэлийг аль болох эрт илрүүлэх боломж бүрдэж байна.
Эрт илрүүлэлт бол өвчнийг хүндэрсний дараа эмчлэх бус, эрсдэлийг нь эрт олж, хүүхдийн эрүүл өсөлт, хөгжлийг хамгаалах урьдчилан сэргийлэх арга хэмжээ юм.