Ачаалж байна…
Ачаалж байна…
Bulgan Erdene

Сайншанд, 2026 оны арваннэгдүгээр сарын 19 /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн Боловсролын газар, ОХУ-ын Эрхүүгийн Их сургуулийн хооронд байгуулсан хамтын ажиллагааны хүрээнд тус сургуулийн төгсөх курсийн 16 оюутан багш, нэг багшийн хамт Дорноговь аймгийн ерөнхий боловсролын нэр бүхий сургуульд энэ оны 11 дүгээр сарын 15-наас 12 дугаар сарын 12-ныг хүртэл ажиллаж байна.
Орос багш, оюутнууд Сайншанд сумын ерөнхий боловсролын I, III, VI сургууль, Замын-Үүд сумын ерөнхий боловсролын II, IV сургууль, Иххэт, Даланжаргалан, Улаанбадрах сум болон Зүүнбаянгийн ерөнхий боловсролын сургуулийн орос хэлний багш нартай хамтран хичээл зааж, сургалтын арга зүйгээ баяжуулахын зэрэгцээ ОХУ-ын хэл, соёл, ёс заншил, боловсролын онцлогийг танин мэдүүлэх олон талт үйл ажиллагааг зохион байгуулах юм.
Ингэснээр суралцагчдын орос хэл сурах идэвх, сонирхлыг нэмэгдүүлэхэд чухал түлхэц болох төдийгүй цаашлаад орос хэлний сургалтын чанар, хүртээмжийг сайжруулж багш, суралцагчдын олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлж, хэл, соёлын солилцоог хөгжүүлэхэд ач холбогдолтой хэмээн аймгийн Боловсролын газраас мэдээллээ. Ташрамд, Дорноговь аймгийн ИТХ-ын "Хөрш орноосоо суралцъя" хөтөлбөрийн хүрээнд 2016 онд Эрхүү хотын Багшийн их сургуулиас анх 12 багш, оюутан ирж аймгийн сургуулиудад орос хэлний сургалт явуулж байсан бол 2017 онд Эрхүүгийн Их Сургуультай хамтран ажиллах албан ёсны гэрээ байгуулж, тус онд зургаан оюутан багш ирж нэг сарын хугацаатай дадлага хийж байв.
2018 онд зургаан оюутан багш, ирж байсан бол 2020-2022 онд цар тахлын үед түр завсарлаж, 2023 онд 15 оюутан багш, 2025 онд 16 оюутан, нэг удирдагч багшийн хамт, ирж говь нутгийн хүүхдүүдэд орос хэлний мэдлэг түгээж байлаа. Мөн хамтын ажиллагааны хүрээнд энэ хугацаанд Дорноговь аймгийн төлөөлөгчид ОХУ-ын Эрхүүгийн Их сургуульд зочилж харилцан туршлага судалж байжээ.
Сүүлийн үеийн мэдээллээс үзэхэд 2025–2026 оны хичээлийн жилд ОХУ-ын Засгийн газрын 100 хувийн тэтгэлэгт Дорноговь аймгаас нийт дөрвөн сурагч, нэг алба хаагч тэнцэж, үнэ төлбөргүй суралцах эрх авч хүүхдийн эмч, эдийн засаг, төмөр замын чиглэлээр суралцаж байна.