Ачаалж байна…
Ачаалж байна…
Jargal D

ВАШИНГТОН, 2026 оны арваннэгдүгээр сарын 19 /Reuters/. АНУ-ын Агаарын нислэг, сансрын уудмыг шинжлэн судлах үндэсний төв /НАСА/ 1977 онд хөөргөсөн “Вояжер-1” сансрын төхөөрөмж гэрэл нэг хоногт туулах зай буюу Дэлхийгээс 26 тэрбум орчим км-ийн алсад хүрчээ.
НАСА-гийн тооцоолсноор, уг төхөөрөмж лхагва гарагт АНУ-ын Зүүн эргийн цагаар 05:16 цагт уг зайд хүрсэн байна. Калифорни муж улс дахь НАСА-гийн Тийрэлтэт хөдөлгүүрийн лабораторийн мэргэжилтнүүд “Вояжер-1”-ээс пүрэв гарагт буюу өнөөдөр дохио хүлээн авна хэмээн найдаж байгаа аж.
“Нэг гэрлийн өдрийн зайг туулсан нь үнэхээр гайхалтай амжилт. Ийм үйл явдлын гэрч болно гэж огт төсөөлж байгаагүй” гэж “Вояжер” төслийн удирдагч Сьюзан Додд “Reuters” агентлагт ярьжээ.
НАСА-гийн эрдэм шинжилгээний ажилтан Тиффани Катариа “Вояжер”-ын аяллыг “сансар огторгуй ямар уудам болохыг харуулсан хамгийн тод жишээ” гэлээ. Тэрбээр “France-Presse” агентлагт өгсөн ярилцлагадаа “Бид өөр оддын систем рүү аялах тухай үргэлж мөрөөддөг. Гэвч “Вояжер-1” манай Нарны аймгийн зах хязгаарт хүрэхэд л бараг 50 жил зарцуулсан. Тэгэхдээ ердөө нэг гэрлийн өдрийн зайг туулсан шүү дээ” хэмээн онцолсон байна.
НАСА-гийн өөр нэг сансрын төхөөрөмж болох “Вояжер-2” мөн од хоорондын орон зайд аялж байгаа юм. Уг төхөөрөмжийг 1977 оны наймдугаар сард, харин “Вояжер-1”-ийг сарын дараа буюу есдүгээр сард хөөргөжээ. Хэдийгээр хоёр төхөөрөмж өөр өөр чиглэлд аяллаа эхлүүлсэн ч “Вояжер-1” тухайн оныхоо эцэс гэхэд “ихрээ” гүйцэж түрүүлсэн байна.
Эрчим хүч хэмнэх зорилгоор “Вояжер-1”-д суурилуулсан камер зэрэг зарим төхөөрөмжийг дэлхийгээс удирдан унтраасан хэдий ч уг төхөөрөмж шинжлэх ухааны мэдээлэл цуглуулсаар байгаа аж. Тухайлбал, түүний багажууд од хоорондын орон зай дахь сийрэг хийн байнгын хэлбэлзлээс үүссэн сул, нэгэн хэмнэлээр дүнгэнэх дуу чимээг бүртгэн авчээ.