Ачаалж байна…
Ачаалж байна…
Мөнхзул Батбаяр

Баянхонгор, 2026 оны арваннэгдүгээр сарын 19 /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн хүнс, хөдөө аж ахуйн салбарын дунд хугацааны бодлогын баримт бичгийг боловсруулах хэлэлцүүлэг, уулзалтыг Баянхонгор хотноо зохион байгууллаа.
Тус хэлэлцүүлэгт аймгийн 20 сумын Хөдөө аж ахуйн тасгийн 45 мэргэжилтэн, Хүнс, хөдөө аж ахуйн газрын албан хаагчид оролцож, салбарын өнөөгийн нөхцөл байдал, тулгамдаж буй асуудал, цаашдын хэрэгцээ, шаардлага, хөгжлийн боломжийн талаар санал солилцов. Үйл ажиллагааны үеэр сумдын Хөдөө аж ахуйн тасгууд 2026 оны үйл ажиллагааны тайлан, мэдээллээ танилцуулж, хэрэгжүүлсэн ажил, хүрсэн үр дүн, тулгамдсан асуудал, цаашид анхаарах чиглэлүүдийг мөн хэлэлцжээ.
Түүнээс гадна аймгийн Статистикийн хэлтэс, Нийгмийн даатгалын газар, Улаан загалмайн хороо, Хаан банк, "Мэндийн хүч-Тогтвортой хөгжил" ТББ зэрэг байгууллагууд холбогдох мэдээлэл, танилцуулгыг хийж, салбарын дунд хугацааны бодлогын баримт бичгийн төсөл боловсруулахад сум, орон нутгийн онцлог, бодит хэрэгцээ, мэргэжилтнүүдийн санал, санаачилгыг тусгах, салбарын хөгжлийн тэргүүлэх чиглэл, зорилт, хэрэгжүүлэх арга хэмжээг тодорхойлох талаар нээлттэй хэлэлцүүлэг өрнүүлсэн байна.
Энэхүү хэлэлцүүлэг нь хүнс, хөдөө аж ахуйн салбарын бодлогыг орон нутгийн бодит нөхцөл, хэрэгцээ шаардлагад тулгуурлан тодорхойлох, салбарын байгууллагуудын хамтын ажиллагааг бэхжүүлэх, цаашдын хөгжлийн нэгдсэн чиг баримжааг бүрдүүлэхэд чухал ач холбогдолтой юм.