Ачаалж байна…
Ачаалж байна…
Batkhuu Begz

Улаангом. 2026 оны арваннэгдүгээр сарын 19 /МОНЦАМЭ/. ОХУ-ын Сибирийн гаалийн удирдах газар болон Красноярск хотын Гаалийн газрын удирдлагууд энэ сарын 18–20-нд Увс аймагт ажиллаж байна.
ОХУ-ын Гаалийн албаны хошууч генерал Василий Сергеевич Костомаров тэргүүтэй төлөөлөгчдийг өчигдөр Увс аймгийн Засаг дарга Э.Насанбат хүлээн авч уулзлаа.
Уулзалтаар гадаад худалдаа эрхлэгч аж ахуйн нэгжүүдэд тулгарч буй гаалийн бичиг баримтын бүрдүүлэлт, бараа бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх, худалдааны төлбөр тооцоо хийхтэй холбоотой хүндрэл бэрхшээлийг хэлэлцэв. Мөн эдгээр асуудлыг шийдвэрлэх боломж, хоёр талын хамтын ажиллагааг цаашид өргөжүүлэх талаар санал солилцсон байна.
Өнөөдөр Увс аймгийн Гаалийн газар, Гааль, бизнесийн хамтын ажиллагааны зөвлөл, төрийн байгууллага болон аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл оролцсон уулзалт болно. Уулзалтаар Боршоо–Хандгайт, Арцсуурь чиглэлийн хилийн боомтоор зорчигч, бараа тээврийн хэрэгслийг нэвтрүүлэхэд тулгарч буй асуудал, гаалийн байгууллагуудын хамтын ажиллагааг сайжруулах, хил дамнасан худалдааг өргөжүүлэх, гадаад худалдаа эрхлэгчдийн хүндрэл, чирэгдлийг бууруулах боломжийн талаар хэлэлцэх юм.
Талуудын уулзалт нь Монгол, Оросын гаалийн байгууллагуудын хамтын ажиллагааг бэхжүүлэх, хилийн боомтуудын үйл ажиллагааг уялдуулах, бүс нутгийн худалдаа, эдийн засгийн харилцааг өргөжүүлэхэд чиглэж байна.