Ачаалж байна…
Ачаалж байна…
Montsame News Agency

Улаанбаатар, 2026 оны арваннэгдүгээр сарын 14 /МОНЦАМЭ/. Нийслэлийн иргэдийн өвөл, хаврын хэрэгцээнд зориулж 15-20 мянган тонн мах нөөцөлж байна.
Ерөнхий сайд Н.Учрал нөөцийн махыг хугацаанд нь бэлтгэж, чанар, гарал үүслийг нь сайтар хянаж, иргэдэд найдвартай нийлүүлэх үүргийг салбарын яам, нийслэлийн удирдлагуудад өглөө.
Мөн энэ оны төсвийн тодотголоор хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний нөөц бүрдүүлэхэд 120 тэрбум төгрөг төсөвлөсөн билээ. Намрын ургацаас төмс, хүнсний ногоо 12 мянган тонныг нөөцлөхөөр төлөвлөснөөс одоогоор 90 гаруй хувийг нь бүрдүүлээд байна. Ерөнхий сайд Н.Учрал өнөөдөр нөөц бүрдүүлэх явцыг шалгаж, үүрэг даалгавар өгсөн юм.
Арилжааны банкны хөнгөлөлттэй эх үүсвэрээр 13 аж ахуйн нэгжид 86.7 тэрбум төгрөгийн санхүүжилтыг баталж, 4,423 тонн, мөн 4 аж ахуйн нэгж өөрийн хөрөнгөөр 1,580 тонн мах бэлтгэх гэрээ байгуулжээ. Ийнхүү 17 аж ахуйн нэгж 6,003 тонн мах бэлтгэхээс 3,091 тонныг агуулахад төвлөрүүллээ. Түүнчлэн бондын эх үүсвэрээр 6 аж ахуйн нэгж 4,800 тонн мах бэлтгэх хүсэлтээ ирүүлснээр одоогоор 10,803 тонн нөөцийн мах бүрдүүлээд байна.
Улаанбаатар хотын хүн амын хаврын улирлын хүнсний хэрэгцээнд зориулж жил бүр 8-15 мянга зарим жил 20 мянга хүртэл тонн нөөцийн мах бэлтгэдэг. Үүний 60 орчим хувийг хонь, 40 орчим хувийг үхрийн мах эзэлдэг ажээ.