Ачаалж байна…
Ачаалж байна…
Montsame News Agency

БАНГКОК, 2026 оны арваннэгдүгээр сарын 15 /TASS/. Зүүн Өмнөд Азийн улсуудын холбооны (АСЕАН) 49-р дээд хэмжээний уулзалт Филиппиний нийслэл Манила хотноо өнөөдөр эхэлж байна. Энэ удаагийн уулзалтаар 100 гаруй хамтарсан баримт бичиг батлахаар төлөвлөж байгаа тухай Филиппиний Ерөнхийлөгч Фердинанд Маркос Жуниор тус холбооны удирдагчдын нэгдсэн хуралдааныг нээж үг хэлэхдээ мэдэгдлээ.
"АСЕАН-ы гишүүн орнууд болон манай түншүүдийн хооронд олон сарын турш үргэлжилсэн яриа хэлэлцээ, нягт хамтын ажиллагааны үр дүнд дээд түвшний болон холбогдох бусад уулзалтуудын 100 гаруй баримт бичгийг бэлтгээд байна" гэж тэрбээр хэлсэн байна.
Бүс нутгийн аюулгүй байдлын асуудлын тухай ярихдаа Ф.Маркос далай дахь хамтын ажиллагааг бэхжүүлэх, мөн 1982 оны НҮБ-ын Далайн эрх зүйн тухай конвенц зэрэг олон улсын эрх зүйн хэм хэмжээнд нийцүүлэн Өмнөд Хятадын тэнгист баримтлах үр дүнтэй, бодитой дүрмийг боловсруулах ажлыг урагшлуулах нь чухал болохыг онцолжээ.
Түүний хэлснээр, эдгээр болон бусад тэргүүлэх чиглэлийг АСЕАН-ы ирэх 20 жилийн хөгжлийн үзэл баримтлал болох “АСЕАН-2045” төлөвлөгөөнд тусгасан байна.
Эдийн засгийн хамтын ажиллагааны хүрээнд АСЕАН-ы орнууд тогтвортой өсөлтийг хангахын тулд зах зээл, эрчим хүчний систем, дэд бүтэц, технологийн харилцан уялдааг бэхжүүлэх чиглэлээр ажиллажээ. Филиппин улс АСЕАН-ыг даргалах хугацаандаа цахим эдийн засгийн тухай АСЕАН-ы суурь хэлэлцээрийг байгуулах зэрэг эдийн засгийн салбарт дэвшүүлсэн 19 зорилтыг энэ оны эцэс гэхэд хэрэгжүүлж дуусгахаар зорьж байгааг Ф.Маркос мэдэгдсэний дараа хуралдааны хаалттай хэсэг эхэлжээ.
АСЕАН-ы дээд түвшний уулзалт энэ сарын 17-ныг хүртэл үргэлжилнэ.