Ачаалж байна…
Ачаалж байна…
Montsame News Agency

АСТАНА, 2026 оны арваннэгдүгээр сарын 13 /Kazinform/. 2080-аад он гэхэд хүн дүрст роботуудын тоо 10 тэрбумаас давж, дэлхийн хүн амын тооноос ч олон болж магадгүйг АНУ, Европын эрдэмтдийн хамтарсан судалгаа харуулжээ.
Миланы их сургууль, Эксетерийн их сургууль болон Рокфеллерийн их сургуулийн эрдэмтэд энэхүү боломжит хувилбарыг судалсан байна. Судлаачид хүн дүрст роботуудын тоог хүний тоотой харьцуулахад цаашид хэрхэн өөрчлөгдөхийг тооцоолох математик загвар боловсруулжээ.
НҮБ-ын “Дэлхийн хүн амын хэтийн төлөв-2024” тайланд дурдсанаар, манай гаргийн хүн ам 2080-аад оны дунд үе гэхэд 10.3 тэрбум болж оргилдоо хүрэх бөгөөд үүний дараа аажмаар буурч эхлэх төлөвтэй байна.
Эрдэмтэд 4 000 гаруй боломжит хувилбарыг тооцоолжээ. Тэдгээрийн нэг хувилбараар хүн дүрст роботуудын тоо 2025 онд 100 мянга орчим байсан бол 2050 он гэхэд нэг тэрбумд хүрч магадгүй байна. Энэ нь роботыг хүн зохион бүтээж, үйлдвэрлэдэг уламжлалт загварт тулгуурласан тооцоолол ажээ.
Судлаачид мөн роботууд өөрсдөө шинэ робот үйлдвэрлэх үйл явцад оролцох боломжтой гэсэн илүү өргөн хүрээтэй хувилбарыг авч үзжээ. Тэдний үзэж буйгаар, ийм нөхцөлд роботуудын тоог илүү хурдацтай нэмэгдүүлж магадгүй байна.
Судалгаанаас үзвэл, хэрэв робот үйлдвэрлэхэд роботууд өөрсдөө оролцож, цахилгаан эрчим хүч болон шаардлагатай эд анги хангалттай байх тохиолдолд 2083 он гэхэд хүн дүрст роботуудын тоо хүний тооноос давж болзошгүй байна.
Гэхдээ судлаачид энэ нь бодит таамаглал бус, зөвхөн онолын хувилбар гэдгийг онцолсон байна. Түүнчлэн роботуудын тоо хүний тооноос давах нь нийгэм, улс төр, эдийн засгийн хувьд хүн төрөлхтнийг ноёрхоно гэсэн үг биш гэдгийг анхааруулжээ.
Дэлхийн төрөлтийн түвшин түүхэнд анх удаа хүн амын нөхөн үржихүйн түвшнээс доошилсон тухай өмнө нь мэдээлж байсан юм.