Ачаалж байна…
Ачаалж байна…
Montsame News Agency

Баян-Өндөр, 2026 оны арваннэгдүгээр сарын 13 /МОНЦАМЭ/. Монгол Улсын 2027 оны төсвийн хүрээнд Орхон аймагт улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 57.5 тэрбум төгрөгийн төсөл хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. Энэхүү хөрөнгө оруулалт нь аймгийн дэд бүтэц, нийгмийн салбарын бүтээн байгуулалтыг дэмжихэд чиглэж байна.
Орхон аймаг улсын төсөвт орлого төвлөрүүлдэг тэргүүлэх аймгуудын нэг бөгөөд 2027 онд улсын төсөвт 107 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлэхээр тооцсон байна. Тус аймаг нь улсын төсвөөс санхүүгийн дэмжлэг буюу татаас авдаггүй долоон аймгийн нэг юм.
Мөн Орон нутгийн хөгжлийн сангаас Орхон аймагт 39.14 тэрбум төгрөгийн санхүүжилт олгохоор төлөвлөсөн нь улсын хэмжээнд өндөр үзүүлэлтэд тооцогдож байна.
Монгол Улсын 2027 оны төсвийн бодлогын хүрээнд улсын хөрөнгө оруулалтыг суурь дэд бүтцийг хөгжүүлэх, эрчим хүчний найдвартай байдлыг хангах, сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд түлхүү чиглүүлэхээр тусгажээ.
Энэ бодлоготой уялдуулан Орхон аймгийн ИТХ 2027 оны хөгжлийн жилийн төлөвлөгөөгөө улсын төсвийн бодлого болон таван жилийн үндсэн чиглэлтэй нийцүүлэн баталж, ирэх онд хэрэгжүүлэх бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын ажлын бэлтгэлийг хангаад байна.