Ачаалж байна…
Ачаалж байна…
Монцамэ

Баянхонгор, 2026 оны арваннэгдүгээр сарын 9 /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсээс "Замын хөдөлгөөнд - Зөв үлгэрлэе" аяныг аймгийн хэмжээнд зохион байгууллаа. Аяны хүрээнд аймгийн хэмжээнд замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, зам тээврийн осол, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, иргэдийн эрх зүйн мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх үйл ажиллагааг өрнүүлсэн юм.
Тодруулбал, “Замын хөдөлгөөнд – Зөв үлгэрлэл” аяны хүрээнд замын хөдөлгөөний дүрэм, аюулгүй байдлыг сурталчлан таниулах, иргэд, сурагчид, жолооч нарт чиглэсэн мэдээлэл, сургалт, нөлөөллийн арга хэмжээг хэрэгжүүлсэн байна. Мөн зам тээврийн осол, хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, иргэд жолооч нарын хууль, эрх зүйн мэдлэгийг дээшлүүлж, соёлтой оролцохыг уриалжээ.
2026 оны эхний есөн сарын байдлаар аймгийн хэмжээнд Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг 14.1 хувиар буурсан дүн гарчээ. Мөн хугацаанд аймгийн хэмжээнд 421 иргэнд торгууль ногдуулж, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нь хассан байна.
Баянхонгор аймгийн хэмжээнд 2025 онд зам тээврийн осол 215 тохиолдол бүртгэгджээ. Харин энэ оны эхний есөн сарын байдлаар хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг 93 бүртгэгдээд байгаа юм.