Ачаалж байна…
Ачаалж байна…
Нанзад Мөнхнаран
nanzadmunhnaran@gmail.com

Булган, 2026 оны арваннэгдүгээр сарын 18 /МОНЦАМЭ/. Булган сумын ерөнхий боловсролын гуравдугаар сургуулийн IV, V ангийн сурагчдад эрүүл, аюулгүй хүнс сонгох, зөв хооллох дадал эзэмшүүлэх сургалт зохион байгууллаа.
Булган сумын Засаг даргын Тамгын газар, аймгийн Боловсролын газар болон ерөнхий боловсролын сургуулиудын захиргаа хамтран зохион байгуулсан уг сургалт нь хүүхдүүдийн хүнсний аюулгүй байдлын талаарх мэдлэгийг нэмэгдүүлэх, өдөр тутмын хэрэглээндээ зөв сонголт хийхэд сургахад чиглэжээ.
Сургалтаар хүнсний бүтээгдэхүүний шошго, найрлага, хадгалах хугацааг хэрхэн шалгах, эрүүл, аюулгүй хүнсийг хэрхэн таних талаар мэдээлэл өгч, гурван төрлийн видео контент үзүүлсэн байна.
Мөн хүүхдүүдийн мэдлэгийг бататгах зорилгоор “ЗА эсвэл ҮГҮЙ” сорилт, танин мэдэхүйн тэмцээн явуулжээ. Сурагчид асуултад хариулж, сурсан зүйлээ сорихын зэрэгцээ хүнс сонгохдоо анхаарах зүйлсийн талаар мэдлэгээ нэмэгдүүлсэн байна.
Тус сургалтыг УИХ-ын 2022 оны 36 дугаар тогтоол, Ерөнхий сайдын санаачилсан “Хүүхдийн төлөө – За бол заавал хийе” үндэсний хөдөлгөөн, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын баталсан “Хүүхдийн төлөө – Хүнсний аюулгүй байдалд ЗА гэж хэлье” нөлөөллийн аяны хүрээнд зохион байгуулжээ.
Сургалт, тэмцээнд идэвхтэй оролцсон сурагчдыг аминдэмээр урамшуулсан байна.