Ачаалж байна…
Ачаалж байна…
Монцамэ

Мандалговь, 2026 оны арваннэгдүгээр сарын 5 /МОНЦАМЭ/. Дундговь аймагт хүүхэд, өсвөр үеийнхнийг хар тамхи, мансууруулах бодисын хэрэглээнээс урьдчилан сэргийлэх, эрх, аюулгүй байдлыг нь хамгаалах зорилгоор “Хар тамхины хор уршиг, түүнээс урьдчилан сэргийлэх” сэдэвт сургалт зохион байгууллаа.
Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Цагдаагийн газар, Боловсролын газар, Монгол Улсын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, Цагдаагийн ерөнхий газар хамтран зохион байгуулсан сургалтад “Тэнгэрийн тэмдэг” хүүхдийн театр хамтран ажиллав.
Сургалтыг цахим болон танхимын хэлбэрээр зохион байгуулж, аймгийн ерөнхий боловсролын сургуулийн нийгмийн ажилтан, сургуулийн эмч, сэтгэл зүйч болон эцэг эхийн төлөөллийг хамрууллаа.
Оролцогчдод мансууруулах бодисын хэрэглээ хүний бие, сэтгэл зүйд үзүүлэх сөрөг нөлөө, түүнээс урьдчилан сэргийлэх арга зам, хүүхэд, өсвөр үеийнхний сэтгэл зүйн эрүүл мэндийг хамгаалах талаар мэдээлэл өгсөн байна. Мөн хүүхдийн зөв дадал хэвшлийг төлөвшүүлэх, хөгжил, хамгаалалд гэр бүл, сургууль, холбогдох байгууллагуудын оролцоог нэмэгдүүлэх асуудлыг хөнджээ.
Аймгийн ИТХ-ын дарга Ж.Мөнхчулуун сургалтыг нээж хэлсэн үгэндээ хүүхэд, залуусыг хар тамхи, мансууруулах бодисын хор уршгаас хамгаалахад гэр бүл, нийгмийн оролцоо чухал болохыг онцоллоо. Мөн тэдний чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, авьяас чадвараа хөгжүүлэх боломжийг нэмэгдүүлэх зорилготой “Нэг сургууль-10 клуб” хөтөлбөрийн ач холбогдлыг тэмдэглэв.
Улсын хэмжээнд 2017-2025 онд мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой 2100 гэмт хэрэг бүртгэгдэж, 2422 хүн холбогдон шалгагдсан байна. Эдгээр хэргийн 16.7 хувь нь орон нутагт үйлджээ.

Дундговь аймагт хүүхдийн хөгжил, оролцоог дэмжих “Нэг сургууль-10 клуб” хөтөлбөрийг 16 сургалтын байгууллагад хэрэгжүүлж, 72 клуб, дугуйланд 1712 сурагчийг шинээр хамруулжээ. Хөтөлбөрийн хүрээнд 87 чиглүүлэгч багш, мэргэжилтэн ажиллаж, сурагчдын авьяас, сонирхлыг хөгжүүлэхэд 100 сая төгрөгийн санхүүжилт баталсан байна.
Энэ төрлийн гэмт хэрэг, хэрэглээний эрсдэлээс урьдчилан сэргийлэхэд хүүхэд, өсвөр үеийнхэнд мэдлэг, зөв ойлголт өгөхийн зэрэгцээ сургууль, гэр бүл, төрийн болон олон нийтийн байгууллагын хамтын ажиллагааг бэхжүүлэх шаардлагатайг сургалтын үеэр онцоллоо.