Ачаалж байна…
Ачаалж байна…
Davaasuren Adiyasuren
d.adiya0122@gmail.com

Мандалговь, 2026 оны арваннэгдүгээр сарын 17 /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн малчид, үйлдвэрлэгчдийн мах, сүү, цагаан идээний бүтээгдэхүүнийг хэрэглэгчдэд шууд хүргэх “Дундговь өвлийн идэш-2026” үзэсгэлэн худалдааг энэ сарын 20-22-ны өдрүүдэд Мандалговь хотын “Дундговьд үйлдвэрлэв” төвийн гадна талбайд зохион байгуулна.
Аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газар санаачлан, аймгийн Засаг даргын Тамгын газар, Цагдаагийн газар, Мал эмнэлгийн газартай хамтран зохион байгуулж буй тус үзэсгэлэн худалдаанд оролцогчдын бүртгэл одоогоор үргэлжилж байна.
Үзэсгэлэн худалдаагаар орон нутгийн малчид, мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид мах, сүү, цагаан идээгээ хэрэглэгчдэд шууд борлуулах бөгөөд иргэд өвлийн хүнсний хэрэгцээгээ чанартай, баталгаатай бүтээгдэхүүнээр хангах боломж бүрдэнэ.
Тус үзэсгэлэн нь малчид, үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүний борлуулалтыг нэмэгдүүлэх, хэрэглэгчдэд гарал үүсэл нь тодорхой, эрүүл ахуйн шаардлага хангасан хүнс хүргэх, орон нутгийн үйлдвэрлэл, малчдын орлогыг дэмжих зорилготой юм.
Дундговь аймгийн малчид, хоршоологчид өмнө нь нийслэлд зохион байгуулсан “Өвлийн идэш” худалдаанд амжилттай оролцож байжээ. Тухайлбал, 2024 онд Улаанбаатар хотод болсон худалдаанд аймгийн есөн хоршооны 38 малчин, хоршоологч оролцож, 204 тонн мах, 20.5 тонн дайвар бүтээгдэхүүн, 7.5 тонн цагаан идээ борлуулан, нийт 2.4 тэрбум төгрөгийн орлого олсон байна.
Мөн Улаанбаатар хотод энэ сарын 25-29-ний өдрүүдэд “Идэш муут жилийн зовлон”, “Их хотын хямдрал-2026” үзэсгэлэн худалдааг зохион байгуулахаар төлөвлөжээ. Ингэснээр Дундговь аймгийн малчид, үйлдвэрлэгчид бүтээгдэхүүнээ нийслэлийн хэрэглэгчдэд хүргэж, зах зээлээ өргөжүүлэх боломж бүрдэх юм.